Thursday, May 15, 2008

Авлига

Миний биебээр яг жилийн өмнө авлига, түүний илрэлтэй хэрхэн тэмцэх талаар илтгэл тавьж байсан юм байна. Тэрхүү илтгэлийн хэсгээс сийрүүлбэл.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) авлигатай тэмцэх асуудлыг ядуурлыг бууруулах, хүний эрхийг хамгаалахын төлөө ардчилсан засаглалыг бэхжүүлэх ажлынхаа нэн чухал хэсэг гэж тодорхойлсон байна.

1997 оноос НҮБХХ хариуцлага, ил тод байдал шудрага ёсыг бэхжүүлэх хөтөлбөрүүдэд оролцож эхлэсэн ба 2005 оны 12-р сараас НҮБ-ын Авлигын эсрэг конвенци хүчин төгөлдөр болсон.

Монгол Улсын нь 2006 онд уг конвенцид нэгдэн орсон бөгөөд 2006 оны 07 сарын 06 ны өдөр Авлигын эсрэг хуулийг Улсын Их Хурлаар батлан, уг хууль 2006 оны 11-р сарын 1 ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

2006 оны 07 сарын 06 ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3.1-р зүйлд зааснаар авлига гэж нэр бүхий байгууллагын албан тушаалтнууд эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ.

Гэх мэт онолын талаасаа авлига, түүнтэй хэрхэн тэмцэх талаар хэдэн арван, түүнээс ч их хуудас материал байх юм. Тэгэхээр арай өөр өнцгөөс нь хараад үзэе л дээ.

Анзаарч харвал манайхан сүүлийн хэдэн жил л авлига гэсэн үгийг амны уншлага болгосон мэт. Энд ч жагсаал цуглаан, тэнд ч авлигачидтай тэмцэх уриа лозин. Тэгэхээр 2000 оноос өмнө манай улсад авилга гээч юм огт байгаагүй юм гэж үү?
1997 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр нэр бүхий нэр дэвшигчрүү хандсан хээл хахууль авсан, өгсөн гэх Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийг тойрсон элдвийн хэл ам, хэрүүл маргааныг телевизийн сувгаар хайр найргүй цацаж байсан байх. Тэр үед чухамдаа авлига гэсэн өнөөх алдартай үгийг ийнхүү хээл хахууль хэмээх хоёр үгээр орлуулж байсан байгаа юм. Түүнээс даруй 10 гаран жилийн өмнө бол "арын хаалга" гэсэн үг нийгмийн дунд түгсэн, бүгд л тэр үгний учир утгыг ойлгож, басхүү тэр "арын хаалга" гэгч юмгүйгээр ажил албаа залгуулахад хүндрэлтэй байсан тухай та бид санаж л байгаа. Тэгэхээр өнөөх гайхалт "соц" нийгмийн үед одоогийн бидний яриад байгаа авлига гэгч байсан л байгаа юм. Зарим эрдэмтдийн нотлож байгаагаар бол. 13-р зуунд буюу Эзэн Чингис хааны үед авлига өгөх, авах явдал бас л байсан байна. Монголын Нууц Товчоонд " Ван хаан Тоорил Тэмүүжинд хандан:
...Булган тахны чинь оронд
Бутарсан улсыг чинь нэгтгэж өгөе..." гэж бичсэн байдаг нь өнөө үед иргэн Бат томоохон яамны сайдын өрөөнд орж, үнэтэй виски барингаа өөрийгөө сайдын дотны найзын хүү болохоо хэлэн, хүсэл зоригоо илэрхийлж байгаа, харин сайд хариу тус үзүүлэхээ амлахтай агаар нэгэн гэж тайлбарласан байгаа юм. Хэрвээ үүнтэй санал нэгдвэл, хэдийгээр түүхэнд тодорхой бичигдсэн баримт байхгүй ч Хүннү, Сүннүгийн үед авилга байсан байх магадлалтай өндөр аж.

Үүнээс дүгнэлт хийхэд авлига хаана эрх мэдэл байна, тэнд байна. Ажилгүйдэл, инфлиацигүй нийгэм байдаггүй шиг, авлигагүй нийгэм гэж байхгүй. Харин авлигын түвшинг тодорхой нэг хэмжээнд барьж байх нь чухал байдаг байна.

Авлига өөрөө нийгэмд асар их хор уршигтай. Үүний тод жишээ бол Монгол Улс тусгаар тогтнолоо алдан Манж Чин Улсын дарлалд 200 жил дарлагдсан явдал юм. Манжын хаан цэргийн хүчээр бус, харин Монголын тухайн үеийн хаад ноёдод хэргэм зэрэг, бэлэг сэлт өгөн, өөр хооронд нь эвдрэлцүүлэх замаар Монголын төрийг ганхуулж,Өвөр Монгол, Төв халх, Баруун Монголыг аажмаар эрхшээлдээ оруулсан тухай түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Ийнхүү авлига авсан хэдхэн хүний балгаар бүхэл бүтэн улс гүрэн нуран унаж, ард олон нь зовлон гачаалыг амсах болсныг түүх гэрчилнэ. Сүүлд 1919 онд тусгаар тогтнолоо эргүүлэн олж авахын төлөө бидний өвөг дээдэс болох Монголын маань олон арван эрэлхэг хөвгүүд өөрийн алтан амиа өргөж байсныг дурдиад байвал их юм бий. Дэлхийн хамгийн урт хэлэлцээ болох 8 сар үргэлжилсэн Орос, Монгол, Хятад гурван орны (Хиагтын) хэлэлцээрийн үеэр Монголын талыг төлөөлж байсан ерөнхий сайд "Улсынхаа тусгаар тогтнолыг алдах нь" хэмээн нулимс унаган зогсож байсан гэдэг. Ийнхүү 1919 оноос эхлэсэн тусгаар тогтнолын төлөөх тэмцэл үргэлжилсээр, 1945 оны 10-р сард Монголчууд Улсынхаа тусгаар тогтнолын төлөө 100% санал өгсний ачаар БНХАУ манай орны тусгаар тогтнолыг арга буюу хүлээн зөвшөөрсөн байгаа юм.

Хэрвээ авлига ийм их хор уршигийг дагуулдаг юм бол яаж түүнтэй тэмцэх ёстой вэ?

Сингапур улсад авлигын түвшин доогуур байгаа нь төрийн албан хаагчдын цалин өндөр байгаатай холбон үздэг байна.

2007 оны хавар NTV телевизээр АНУ-ын ерөнхийлөгч 350000 долларын цалин авдаг бол, МУ-ын ерөнхийлөгч 350000 төгрөг, Улсын Их Хурлын гишүүд 280000 төгрөгний цалин авч байгаа тухай мэдээлэл гарч байсан. Хэдийгээр манай улсыг АНУ-тай харьцуулах боломжгүй ч, төрийн дээд албан тушаалтнуудын энэхүү бага цалин нь авлига авах эх үндэс болж байгааг үгүйсгэх аргагүй юм. Зөвхөн төрийн дээд албан тушаалтнуудын ч биш, нийт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар явуулж буй МУ-ын засгийн газрын бодлого нь авлигатай тэмцэхэд ихээхэн ач холбогдлыг дагуулж байна. Гагцхүү цалин нэмэгдүүлснээр гарч ирж буй инфлиаци гэх мэт сөрөг үзэгдлүүдийг багасгах нь өнөөгийн засгийн газрын тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа юм.

Гэвч харамсалтай нь өндөр цалинтай байлаа гээд авлига авахгүй гэсэн баталгаа бас л байхгүй байгаа юм. Хүн гэдэг байгалиасаа ихээхэн шуналтай амьтан. Тэгэхээр тухайн хүний сэтгэл зүйд нь авлигын хор уршигийн талаар сайн ойлгуулах, авлига авахгүй, бас өгөхгүй байх ухамсрыг суулгах нь чухал байна.

Шашины үзэл ч авлигатай тэмцэхэд их ач тустай юм. Буддын шашинд "Шунал"-ыг тэвчиж байхыг сургасан байдаг. Библийн сургаалд ч ихийг хүсэхгүй байх, бусдад атаархахгүй байх тухай сургаал үгс олон бий.

Эцэс нь тэмдэглэхэд "Аз жаргалтай хүн гэж, байгаа юмандаа сэтгэл хангалуун хүнийг л хэлнэ". Хүн бүр өөрт байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, ажилдаа чин сэтгэлээсээ хандан, өөрөө өөрийнхөө эзэн нь байж чадваас, энэ нь эргээд авлига авахгүй байхын эх үндэс болох болов уу.

2 comments:

Bold said...

Baharhal, Unet zuil, Ner tur gedeg yum Mongolchuudiin dotor baihgui bolson ni unuugiin Mongolchuud muu buhniig hiihiin undes ni bolson yum bolov uu. Turiin alban haagchdiin tsalin geed yarih yum bol mash ih yum bnaa, hehe. Hodolmoriin hols, tsalin, tetgevriin system-iin shinechleliig buheld ni yarih boloh bh. Cheers.

Tuvshinjargal.S said...

harin tiimee