Friday, May 9, 2008

Асуудал их байна

Асуудал их байна:(...
Уг нь би optimist хүн л дээ,. Гэвч харамсалтай нь одоо өглөө гэрээс гараад л бухимдаж эхлэх юм.

Манайх саяхан ашиглалтанд орсон хотын төвийн нэгэн орон сууцанд амьдардаг айл. Байшин маань гаднаасаа их л дажгүй харагддаг ч, дотроо бол тийм ч сайхан биш. Орцоор дүүрэн хог, харин ханан дээр нь элдвийн юм эрээчсэн байх,. Мэдээж СӨХ.тэй,. Гэвч тэр СӨХ гуай юм хийдэг эсэх талаар би л лав юм мэдэхгүй. Осолдохгүй л сар бүр баахан мөнгө нэхээд байх шиг байдаг юм. За энэ ч яахав. Энэ талаар бичээд байвал их юм бий., Би гайхаад байдаг юм. Яагаад бусдын хийж бүтээснийг сүйтгэж байж санаа нь амардаг сэтгэлгээ бидэнд болоод биднээс залуу үеийнхэнд суусан байдаг байна. Манайхан 90-н онд соц нийгмээс ардчилсан нийгэмрүү эргэлт буцалтгүй шилжсэн сайхан, гэгээн түүхтэй улс. Энэ хооронд шилжилтийн үе гээч урт удаан үргэлжилсэн замыг бид туулж ирсэн. (Одоо ч тэр шилжилтийн үе дуусаагүй байгаа гэж зарим хүмүүс маргаад байгаа). Энэхүү шилжилтийн үе бидэнд сайн муу олон л юмыг авчирсан байх юм. Муугийн нэг жишээ бол орцонд болзох залуус, охид хөвгүүд орцны ханыг тэдний хайр сэтгэлээ илэрхийлэх самбар ч юм уу, талбар ч юм уу нэг тийм юм, орц өөрөө хогийн цэг гээч юм нь гээд ойлгочихсон байгаа явдал яах аргагүй мөн. Би өөрөө залуу хүн. Саяхан л бас тэдний нэгэн адил орцонд болзож явлаа.(бас тийм ч саяхан биш юм байна шүү:),. Гэхдээ л ханан дээр юм сараачаад, бас хог хаяад байснаа санаддаггүй юм. За яахав. Би өөрийнхөө тухай бичихгээгүй болохоор,. Эдгээр өсвөр насны охид хөвгүүдэд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид нь хэлж ойлгуулж баймаар байгаа юм л даа. Хогоо хогийн саванд нь хаяж бай гэж...

Хогийн сав гэснээс,. Манай хотод чинь хогийн сав гээч юм байхгүй ш дээ. Уг нь зайлуул хот, дүүргийн Тохжилт үйлчилгээний газраас хогийн савыг нь бий болгоод энд тэнд байрлуулдаг юм байна лээ. Харамсалтай нь тэдгээр хогийн савнууд нь төд удалгүй ашиг хонжоо хайсан, ухаан муу нэгнийх нь олз болж байгаа юм хөөрхий. Гэхдээ дандаа хар бараан юм байна гэж юу байх вэ. Хүмүүс бүтээж байна. Дархан хотод л гэхэд нэг хэсэг хүмүүс нийлээд бидний хаясан хог, хаягдлуудыг ашиглан, дахин боловсруулж хогийн сав зэргийг үйлдвэрлэдэг компани байгуулсан байна лээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээрэй Дарханыхаа Хүүхэд Залуучуудын Паркыг тохижуулахад хувь нэмэр оруулсан байсан. Ер нь та Дархан-Уул аймгийн Дархан суманд очихоороо хүүхдийн паркаар нь нэг зугаалаад үзээрэй. Яг л бидний өнөө муучлаад байдаг социализмын үед очсон юм шиг л сэтгэгдэл танд төрнө шүү. Орчин тойрон нь цэв цэвэрхэн. Тэнд та цоглог хэмнэлтэй аялгууг, хүүхдийн инээдтэй хамт сонсоно. Хөгшид гимнастик хийж, харин залуус хос хосоороо зугаалж байхыг харна. Гайхалтай... Саяхны нэг өдөр уг компани Улаанбаатар хотод түнш хайж байгаа тухай зар телевизээр гүйсэн шүү. Тэгэхээр удахгүй бид хотдоо хогийн савтай болж магадгүй л юм.

Ер нь манайхан их л Эх оронч үзэл энэ тэр гэж цээжээ дэлдэн ярих дуртай улс. Гэхдээ би хэлмээр байдаг юм. Юм гэдэг чинь жижгээсээ л эхлэдэг жамтай. Ядаж бид эх оронч хүн юм бол гудамжинд хог хаяхаа болье л доо. Зөвхөн гудамжинд ч биш, нийтийн эзэмшлийн газруудад татсан тамхиныхаа ишийг хаяхаа больмоор байгаа юм. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьдаг зарим найз нар маань дээр миний бичээд байгаагийн яг эсрэгээр жижиг гэлтгүй хогоо огтхон ч санаа зовсон шинжгүй хаяж байх юм. Нөгөө арай л соёлжсон, юм үзэж нүд тайлсан хүмүүс маань ийм байхад, бусад нь арга ч үгүй юмдаг аа.

Ийнхүү дотроо бухимдсаар машинаа асаан, ажлаа хөөцөлдөхөөр явна даа. ( Энэ зуураа өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа шатахууны үнийн талаар бодохгүйг хичээнэ шүү. Угаасаа дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байгааг ухамсарлаж байгаа хойно. Тэгэхээр нэгэнт машин унах хоббитой юм чинь бензинээ авч чаддаг л байхаас өөр арга замгүй болж байгаа юм. Уг нь манайхан өөрсдөө нефтээ боловсруулдаг болчихвол ч,..) Тэгж байтал хажуугаар том оврын автобус, микробус болоод excel-үүд ёстой нэг сайхан дайрч орж ирнэ дээ. Бухимддаг л юм. Ер нь бүгд л бухимддаг байх. Манайхан нийтийн тээвэрт явж байгаа жолооч нарт өндөр шаардлага тавидаг баймаар байгаа юм. Тэднийг ажлуулж байгаа компаниудын удирдлагуудтай хатуу хариуцлага тооцдог байх хэрэгтэй л дээ. Өнгөрсөн өвөл нийтийн тээвэрт явж байсан хоёр том оврын автобус мөргөлдөж бөөн юм болж байсан. Эцсийн эцэст дотор нь явж байсан зорчигч нар л хохироод үлдэж байгаа юм. Тодорхой хэмжээний хариуцлага тооцсон байх л даа. Гэхдээ л энэ талаар бодлогын чанартай том өөрчлөлт хийхгүй бол болохоо больжээ. Манай хотын нийтийн тээвэр нь гайгүй байсан бол ядаж л ийм олон сайн муу, сайхан муухай машинууд замаар түгжрээд байх нь гайгүй байх байсан болов уу гэж бодох юм. Манай өнөөгийн нийтийн тээврийн тухайд бол "Хэрэглэч бол Хаан" гэсэн урайг мартах хэрэгтэй. Манайхан ч хүлцэнгүй нь дэндсэн улс шүү. Баруунд автобусны жолооч үл ялиг ширүүн л яваа бол хэн нэгэн хөгшин хүн "-Уучлаарай,ноёнтоон. Та хүн тээвэрлэж яваа шүү" -гэж хэлэхэд л өнөө жолооч нам. Манай өвөө эмээ нар тэгж хэлсэн бол дуусaa,.. Ууртай жолооч аягүй бол унаанаасаа чирээд буулгана шүү. Нийтийн тээвэр нэг иймэрхүү байдаг юм байжээ. Уг нь хөрөнгө мөнгөгүйгээсээ болоод гэсэн шалтаг байх ёсгүй л дээ. Энэ талаар ямар нэгэн юм хийх цаг болсон байх шүү. Тийм биз дээ. Ард түмээн,.:)

Өө тийм. Замын түгжрээ гээч юм бий. Нэг сагсуу, тэвчээргүй нөхөр нь улаан гэрэл дайрч орж ирснээс болоод бөөн юм болж байгаа юм даа. Анхандаа замын түгжрээн дунд ороод, хаашаа ч гарах аргагүй болох үед, сайхан, машинаасаа буугаад алхчихмаар санагддаг байж билээ. Харин одоо бол өөрөө. Янз бүрийн юм болсоор байгаад,. гарчихдаг болсон. Гайгүй сайн жолооч болж байгаа юм байлгүй дээ. Замтай холбоотой бас нэг юм байна аа. Манайхны зарим жолооч нар замын цагаан зураас гэсэн юмыг сайн ойлгодоггүй юм шиг байгаа юм. Уг нь бол эсрэг урсгал, эгнээ гэсэн юмнуудыг л зааглаж өгөөд байдаг юм шиг байгаа юм нөгөөх нь. Гэтэл байхгүй шүү. Тэрийг нь анзаарч байгаа жолооч алга. Би ч мөн адил. Ёстой хуруу орох зайгүй болтол нь 2 талаас чихнэ дээ,. Хоёр машин явах замаар дөрвөн машин явах бол энүүхэнд. Жолооны күрс гээч газрууд хэрхэн жолооч бэлдэж, тэндээ юуг заадаг юм болдоо. Гэхдээ манайхан дүрмээ мэдэхгүй ч, чадварлаг жолооч нар юм шиг байгаа юм. Тэр аймаар ямар ч зай завсаргүй болсон замаар чинь сүлжээд, сүлжээд л гарах нь тэр. Бас энд машин замаар бэлчих хүмүүсийг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Тэр дундаа шөнө оройхон замын бүүдгэр гэрэлтүүлгэнд, өөдөөс хүчтэй тусах машины хурц гэрлэнд явж байхад гэнэт замын голд хүн гараад ирэхээр цочих шиг болдогоо нуугаад яах вэ. Бас хэрвээ би анхааралгүй явсан бол яана гэж бодоход хамаг бие арзайх шиг болдог юм. За энэ ч яахав. Муу юм холуур байг.

Манай хотод чинь өдрөөс өдөр ирэх тусам машин тэрэг нэмэгдсээр, хотын төвд бол өдөр тийшээ машины зогсоол олдохгүй болдгийг та бид юу эс андах билээ. Яаж ийж байгаад машинаа тавьж байгаа юм л даа яахав. Уг нь би зам хөндлөн гарахаас үхтэлээ айдаг хүн. Мэдээж гарцаар гарна. Гарах гарахдаа аминдаа хайртай юм болохоороо гэрлэн дохиотой газраар л гарах гэж хичээнэ шүү дээ. Тэр нь арай л баталгаатай юмдаа. Ногоон гэрлийг нь хүлээж хүлээж гарах болно. Гарахаасаа өмнө бас хоёр тийшээ сайн харж гарахгүй бол болохгүй ээ. Хаанаас ч хамаагүй хурдан машин ороод ирнэ. Түүнээс гадна гэрлэн дохион дээр жолооч яг явган хүний гарцан дээр машинаа зогсоодог хуультай. Тийм болохоор тэр олон машинуудын дундуур сүлжиж гарна даа. Гарах болгондоо,. "Манайхан нээрэй хүлцэнгүй улс юмуу даа"- гэсэн юм бодно. Гай дайрч хэн нэгэн жолооч нь анхаарал алдан, тормосноосоо хөлөө авбал яана,.. Би өөрөө жолооч хүн, бас хааяа зам хөндлөн гардаг явган зорчигчынхоо хувьд машин бариад явж байх үедээ гарцаар гарч байгаа хүмүүсд зам тавьж өгөхийг хичээдэг юм.
Энэ мэт аар саар юмнуудад бухимдаж байтал өвлийн цагт гарч ирдэг Улаанбаатарын утаа гээч юм бий. Бидний эрүүл мэнд ч өнгөрсөн байх оо, хөөрхий. 5 жилийн дараа гэхэд нийслэлчүүдийн маань ихэнх нь уушигны хорт хавдраар өвчилнө гээд байгаа. Уушигны эмч л тэр үед үнэд орох нь дээ. Гэхдээ одоохондоо хавар болоод, урин цаг ирж, хотынхон бид утаанаасаа түр зуурч гэсэн салаад сайхан байна. Утааны талаар утаатай үед нь л бухимдая даа.

Харин улирлын чанартай гарч ирдэг нэг асуудал бол яах аргагүй ойн түймэр. Хүмүүс бид ой модоо учиргүй арчилаад сүйд болдоггүй юмаа гэхэд, галдан шатаахаа болих юмсан. Энд ч Туулын ус бохирдож, загас жараахай үхэж байна, тэнд ч нэг том гол ширгэж байна, ой мод шатаж байна гээд л хүмүүс бидний ухамсаргүй үйлдлийн хор уршгийн талаар өдөр бүр л мэдээллийн сувгуудаар цацах, түүнийг нь үзээд, сонсоод бас л бухимдах сэтгэл төрөх юм. Тэгж байтал хүмүүн төрлөхтөн биднээс огтхон ч хамааралгүйгээр болж буй ган, зудны аюул, аянга, цахилгаан гээд л байгалийн аймшигт үзэгдлүүд ар араасаа гарсаар л байна. (Азаар манай улсад цунами, хар салхи энэ тэр нь болохгүй юм даа),. Хэдийгээр биднээс хамааралгүйгээр болж буй мэт боловч, уг чанартаа та бид эх болсон байгальтайгаа зохисгүй харьцснаас л дээрх гамшигт үр дагварууд гарч байгаа талаар бид яриад л байдаг, яриад л байдаг. (Азоны давхарга цоорч, хойд туйлын мөс хайлж, хөөрхий цагаан баавгай нар устаж байгаа талаар бодоод, шаналаад байвал их юм бий,.)

Хэдийгээр энэ мэт сэтгэл зовоох олон юм байгаач Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг санан, иргэнийхээ үүргийг ухамсартайгаар биелүүлж , хийж бүтээе, бухимдахгүйг хичээе,. анд нараа:),.

2 comments:

Anonymous said...

goy niitlel bolson baina bayr hurgey. chamtai sanal niilj baina. Amjilt husey

Bold said...

Sain uu. Ard irgediin uhamsar soyol deeshiltel bagagui hugatsaa heregtei yum shig bgaa yum. Er ni UB-d hotiin soyol, deg juram, emh tsegts geh met zuil baihgui bolohoor buhimdah zuil zahaas avaad l gardag. Amidarch bgaa irged ni uhamsartai bolood orchnoo hairlaj surval ene buh asuudal shiidegdeh baih daa. Cheers