Friday, October 23, 2009

Ц.Хулан "Аавдаа"

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаандаа тэгвэл гэхэд
Сансанаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хонгор ижийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг бишдээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас чихэр хармайлж шараа болгоно
Аав минь тэгэхгүйээ
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ.
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхлэж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Адгаж ижий нар өдөржин радио шиг үгэлнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж аав нар сумын үүзэл шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж би олон жил худлаа ярьлаа
Ачийг нь гаргаж өгчхөөд харин нэг их гавъяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Гангансан хэдэн зээтэйгээ хэдэнтэй хэлд орно
Гадаа нь навчис унаж, он жил биднийг унасан навчис шиг орхиж
Гайгүйдээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг аа
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овголсон
Халуун зүрхний уярал хайр, гунигыг чинь хүртэл өвлөсөн
Өргөстөй орчлонд бүдчээд үйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.

Wednesday, October 7, 2009

Mongolskie Dzieci



Өнгөрсөн даваа гарагт буюу 2009 оны 10 дугаар сарын 5-ны өдөр БНПУ-ын Велкей Полска-аа муж (аймаг)-ын Лейшно хотод Монгол улсыг сурталчилсан томоохон арга хэмжээ зохиогдлоо.

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад сууж байсан Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ноён Збигнев Кулак манай оронд Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа авсан зургуудаараа Монгол Хүүхдүүд буюу Mongolskie Dzieci нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод жилийн өмнө гаргаж байсан бол энэ удаа эх орон нэгтэнүүддээ зориулан анх удаа гаргаж байна. Ноён Элчин сайд Збигнев Кулак бол манай оронд элгэмсэг ханддаг нэгэн. Хоёр орны найрамдалт харилцааг олон талаар хөгжүүлэхэд өнгөрсөн дөрвөн жилийн турш түүний оруулсан хувь нэмэр их гэдэгтэй маргах хүн байхгүй нь лавтай. Тэрээр мэс засалчаас гадна нэр хүндтэй улс төрч, дипломатч хүн билээ. Энэ хүний нарийн бичгээр богинхон боловч ажиллах завшаан тохиолдсондоо би өөрийгөө азтай хүн гэж боддог бөгөөд үнэхээр ч сайн даргын ачаар би их юмыг сурч авсан. Ноён Элчин сайдын хувьд Лешно хотод өөрийн гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргасан нь бас л их учиртай юм. Энэ тойргоос тэрээр БНПУ-ын сенатын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан.

Гэрэл зургийн үзэсгэлэнд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ноён О. Дамбийням гэргийн хамт урилгаар оролцсон бөгөөд миний бие орчуулагчаар явсан юм. Уг арга хэмжээнд польшийн парламентын эрхэм гишүүд, хотын дарга зэрэг өндөр албан тушаалын хүмүүс олноор уригдан ирсэн байлаа. Өнгөрсөн жил польшийн Элчин сайдын Яамны урилгаар манай оронд ирж концертоо тавьж байсан (польш) гэр бүлийн хоёр Үүлэн бор хэмээх сайхан Монгол аяалгууг хийл хөгжимөөр тоглож хүрэлцэн ирсэн зочидын сонорыг мялаасан юм. Нээлтийн ажиллагааны дараа хэвлэлийн бага хурал болсон бөгөөд үүнд хоёр Элчин сайд хүрэлцэн ирсэн нийт зочидод зориулан Монгол улсын түүх, соёл, өнөөгийн улс төр, эдийн засгийн байдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс гадна тэдний сонирхосон асуултанд нь хариуллаа. Уг асуулт хариулт маш нөхөрсөг уур амьсгалд болж өнгөрснийг дурьдахгүй өнгөрч болохгүй биз ээ.

Үзэсгэлэнгийн нээлтэн дээр -Хэрвээ манай улсад ирж ажилладаг Элчин сайд бүхэн энэ хүн шиг ажилдаг бол ч... хэмээн ноён О.Дамбийням сэтгэл хөдлөн хэлж байсан. Үнэхээр ч Элчин сайд З.Кулак гэргийн хамтаар манай хоёр ороны хамтын ажиллагааны хөгжилд гүүр болон ажиллаж байсан, хойшид ч ажиллах, бидний сайн нөхөр гэдгийг энэ завшааныг ашиглан тэмдэглэн бичих нь зүйтэй болов уу.