Friday, February 11, 2011

Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ? номын хэсгээс...


Өөрийгөө өндөрт үнэл. Тэр цагт чамтай байгаадаа өөрийгөө хамгийн азтай хүн гэдэгт залуу чинь итгэх болно.

САЙН ОХИН

Бүгд л хэн нэгэн “сайн охин”-ыг танина. Тэр бол бараг танихгүй шахам залууд хариу нэхэлгүйгээр бүхнээ зориулж, түүгээрээ өөртөө итгэлтэй байдлаа нөхөхийг хичээдэг нэгэн. Тэр бол хэт их хичээл зүтгэл гаргаж, яг тийм хариуг эргүүлэн авна гэж сохроор итгэн, өөрийгөө шавхдаг бүсгүй. Тэгээд ямар ч хамаагүй үнээр харилцаагаа тогтоож үлдэх гэж, залуугаа сэтгэл хангалуун байлгах гэж, хүссэн бүхнийг нь гүйцэтгэдэг.

Танил санагдаж байна уу? Учир нь бид бүгдээрээ энэ замаар өмнө нь ямар нэгэн байдлаар алхчихсан байдаг шүү дээ.

Сэтгэл татах нэг дүгээр дүрэм
Хэрвээ чи араас нь гүйсээр байвал тэр чамаас зугтсаар л байх болно.

Эрчүүдтэй харилцах харилцаанд энэ дүрэм илүү тод харагдаж байдаг. Хэрвээ чи эр хүний араас чиний бодлоор тачаангуй харагдуулдаг, торон цамцтайгаа гүйж байгаа бол тэр эхлээд чамтай унтана. Тэгээд дараа нь чамаас зугтах болно.
Яагаад энэ байдал эрчүүдийг зугтахад хүргэдэг вэ? Учир нь бүсгүйн зүгээс гаргаж байгаа иймэрхүү үйлдэл өөрийгөө маш доогуур үнэлдэг болохыг нь харуулж байдаг. Өөрийгөө дутуу үнэлдэг эмэгтэй л тачаангуй, өдөөсөн хувцас өмсөж, түүгээрээ эр хүнийг татахыг оролддог. Залуутайгаа танилцаад удаагүй байгаа бол үүнийг бүр ч анхаарах хэрэгтэй. Учир нь тэр үед та хоёрыг маш хэврэгхэн зүйл холбож байдаг. Гэтэл яг тийм үед бүсгүй өөртөө байгаа бүх хөзрөө урдаа дэлгээд тавьчихсан байгаад л гол учир байгаа юм. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэггүй бүсгүйг эр хүн хүндэлдэггүй бөгөөд бас түүнтэй хамт байх хүсэлгүй болж эхэлдэг. Энэ үед өнөөх ганган, торон цамц ашиг тусаа өгч чадахгүй.
Супер эмэгтэй бол үүнээс тэс өөр. Хэн нэгэнд таалагдах гэж тэр хэзээ ч хөлөөрөө толгой хийхгүй. Тийм ч учраас эр хүний удалгүй дурлах тэр эмэгтэй эхэн үедээ хэзээ ч дөрвөн төрлийн хоол хийж түүнийг дайлахгүй. Нэлээд удаж байж, магадгүй хагас жилийн дараа супер бүсгүй маань тийм ч их ажиллагаа орохооргүй халуун хоолыг ердийн тавганд таваглаа залуугаа дайлах байх. Харин тэр үед залуу нь юу гэж бодно гээч?
“Бурхан минь, би үнэхээр түүнд таалагддаг юм байна”
Уг хоолыг муу эмэгтэй ойролцоох зоогийн газраас худалдан авч, гэртээ халаагаад залуугаа дайлсан байж ч магадгүй юм. Гэхдээ л хариуд нь “Миний амьдралдаа идэж үзсэн хамгийн сайхан хоол байна” гэсэн үгийг сонсоно.
Харин залуу нь өөрийгөө яг л хаан болсон мэт бодож эхэлнэ. Нэг онцлог нь гэвэл уг харилцаанд эр хүн маш их цаг, хөлс хүчээ зарцуулсан. Энэ бүхнийг тэр хялбархан олж аваагүй. Тийм ч учраас тэрээр муу эмэгтэйтэй хамт байгаадаа, тэдний хооронд үүссэн харилцаандаа маш их сэтгэл хангалуун байх болно.

Сэтгэл татах хоёрдугаар дүрэм
Эрчүүдийг араасаа үхэн хатан гүйлгэдэг бүсгүйчүүд ихэвчлэн тийм ч онцгой төрсөн нэгэн байдаггүй. Тэд зүгээр л эр хүн өөрсдийнх нь амьдралд чухал байр суурь эзэлдэг гэдгийг нууж чаддагаараа бусад эмэгтэйгээс ялгардаг.

Дөнгөж танилцангуутаа түүнд өөрийнх нь төлөө юу ч хийхэд бэлэн гэдгээ харуулбал яах вэ? Тэр чамайг яахаас ч буцахгүй юм байна гэж бодно. Тэгээд өөрийнх нь төлөө юу хийхэд бэлэн байгааг чинь харахыг хүснэ. Энэ бол хүний байгалиас заяасан зан шүү дээ. Түүнд толгойгоо мэдүүлэх тусам тэр чамаас илүү ихийг шаардах болно. Яг л Duracell (дурасел) батарейг шалгаж байгаа мэт.
Муу эмэгтэйн маш сайн ойлгодог эдгээр зүйлийг сайн охид ч бас мэдэж байх учиртай. Эр хүнийг сэтгэл хангалуун байлгах гэж хэт их хичээвээс харин ч өөрөөсөө түлхэж, харилцаагаа цэглэхэд хүргэдэг юм шүү.
Өөрсдөд нь таалагдах гэж хэтэрхий хичээдэг бүсгүйчүүдийг эрчүүд ихэнхдээ нэг их сонирхоод байдаггүй. Маш ухаалаг, боловсролтой эмэгтэйчүүд ч эрчүүдтэй харьцахдаа алдаа гаргадаг. Магистр цолоороо, улс төрийн үзэл бодлоо хамгаалах чадвараараа эсвэл санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн үнэ ханшийн талаарх мэдлэгээрээ эрчүүдийг гайхашруулж, өөртөө татна гэж тэд итгэдэг. Гэвч сонирхол татна гэдэг ямар нэгэн зүйлийн талаар нухацтай яриа өрнүүлж чадаж байгаа эсэхээс огт өөр…

Friday, November 26, 2010


Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ? хэмээх энэхүү ном маань "хэт сайн" бүсгүйчүүдэд зөвлөгөө болон гарч байгаа юм. Муу эмэгтэй гэдэг үгийг энд шууд утгаар нь ойлгох хэрэггүй бөгөөд гагцхүү номныхоо утга агуулгад зохицуулан ёгт хэлбэрээр оруулсан болно.
Ном маань гарчигнаасаа авахуулаад л доторх утга санаа бүхэн нь олон эмэгтэйн дотроо боддог хэдий ч ил гаргадаггүй зүйлийг өөртөө агуулсан байгаа. Эмэгтэй хүн бүр хэн нэгэн эр хүнд ямар нэгэн байдлаар илүү нээлттэй хандаж, сэтгэл зүрхээ илэрхийлснээсээ болоод эвгүй байдалд орж үзсэн байдаг. Хэдийгээр хэн нэгэн эрийн сэтгэлийг эзэмдэж чадсан ч, түүнийг хайрлаад ирэхийн цагт нөгөөх нь хүйтэн хөндий зан гаргаж байсан удаа бишгүй л тохиолддог. Эмэгтэй хүн бүр л эр хүн өөрийг нь сонирхохоо болих үед ямар мэдрэмж тэрдгийг мэднэ. Эдгээр асуудлууд нөхөртэй, нөхөргүй ялгаагүй ихэнх бүсгүйд тохиолдсон байдаг.
Тэгэхээр ер нь яагаад эрчүүд муу эмэгтэйг хайрладаг юм бол?
Гэхдээ энэ номонд хэрэглэгдэж буй "муу эмэгтэй" гэсэн нэр томъёог сөрөг утга бүхий жинхэнэ нэрээс нь ялгаж ойлгох хэрэгтэй юм. Тэрээр ямар ч атугай хорон муу санаатай эмэгтэй биш шүү...
...Миний номонд дүрсэлж буй "муу эмэгтэй" бусадтай эелдэг харьцдаг бөгөөд хүчирхэг зан чанартай нэгэн билээ. Тэрээр эелдэг зөөлөн хэдий ч өөрийн хүчирхэг зангаа ямагт харуулж байдаг. Хэн нэгэн залуугаас болж зорьсон зорилгоосоо татгалздаггүй бөгөөд эр хүн түүнийг хэзээ ч өөрийнхөөрөө байлгаж чаддаггүй. Тэр бол эр хүн хурдаа хэт нэмээд байсан ч өөрөөрөө байж чаддаг, шаардлагатай бол түүнээс холдож чаддаг бүсгүй...
...Энэхүү номонд эрчүүдийн амнаас тэр бүр гараад байдаггүй зүйлсийн талаар хөндсөн болно. Хайрт чинь чамд хэзээ ч "Хонгор минь, битгий ийм сул дорой бай. Битгий үргэлж за гэж хэлж бай. Бүхий л санаа бодол чинь зөвхөн над руу чиглэсэн байхыг өөртөө бүү зөвшөөр" гэж хэлэхгүй. Ямар ч эр хүн хайртай бүсгүйдээ тайлбарлаж хэлээд байдаггүй зүйлсийн тухай өгүүлж байгаагаараа энэ ном маань өгөөжтэй байх юм...
...Хайр дурлалын асуудал дээр азтай байхад гаднах төрх биш харин үйл хөдлөл, байгаа байдал чинь л нөлөөлдөг гэдгийг бүсгүй та ойлгох болно...