Showing posts with label Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?. Show all posts
Showing posts with label Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?. Show all posts

Thursday, March 24, 2011

Номын хэсгээс...



… Харин эр хүнтэй уулзах гэж хамаг юмаа орхин гүйдэг бүсгүйг юу хүлээж байдаг вэ? Залуу нь түүнтэй хүссэнээрээ харьцаж болно гэдгийг мэддэг. Хэдхэн болзооны дараа тэрээр найзуудтайгаа гадуур гарахыг илүүд үзнэ. Тэгээд шөнө дундын үед гэртээ ирчихээд, бүсгүй рүү утасдах нь ойлгомжтой. Бүсгүй үүнийг л хүлээж байсан болохоор харилцуураа тавьсан уу, үгүй юу залуугийнх руу яаран явна. Шөнө дунд эр хүнтэй уулзах гэж яаравчлан яваа бүсгүйд машин дээрээ ГЭРТ НЬ ХҮРГЭЖ ӨГӨХ ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн бичиг хадах л дутаж байгаа юм.

Сэтгэл татах гуравдугаар дүрэм
Бүсгүй өөрийнх нь болоогүйн хэрээр эр хүний сонирхол түүнд татагдаж байдаг.

Tүүнтэй цагийг хэрхэн өнгөрөөж байгаа чинь маш чухал. Сайн охин нэг залуутай танилцаад долоо хоног өнгөрөхөд л буйдан дээрээ уйдаад сууж байдаг. Гэтэл энэ хооронд залуу нь дуртай зүйлээ хийж л байх болно.
Хөл бөмбөгийн тэмцээн үзэн, загасны уурга, дэгээгээ цэвэрлэж, эсвэл машинаа засаж байна. Гитараа хөглөж байж ч магадгүй. Харин бүсгүй аз жаргалгүй байх болно. Гэхдээ тэрийгээ хэлэхгүй. Зөвхөн тэр залуутай хамт байхын тулд өөрт нь таалагддахгүй юм гарсан ч сайн эмэгтэй инээмсэглээд л сууж байдаг.
Муу эмэгтэй харин үүнээс тэс ондоо зан гаргана. Өөрт нь таалагдахгүй л бол тэр тухай үгээр хэлээд зогсохгүй үйлдлээрээ харуулна. Энэ нь тийм ч муу зүйл биш юм. Үүний ачаар залуу нь түүнийг өөрийнхөөрөө байлгаж чадахгүй болохоо ойлгоно. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Эр хүний сонирхлыг татна гэдэг нь хурц, ширүүн үгээр түүн рүү дайр гэсэн үг огтхон ч биш шүү...
... Муу эмэгтэй бол гэртээ суугаад, эр хүнийг өөртөө татах гэж хамаг хүчээ шавхдаг бүсгүй биш. Тэрээр залуу нь түүнтэй хамт байгаадаа баяртай байх ёстой учир өөртөө л анхаарал тавих хэрэгтэй гэдгийг сайн мэддэг. Залуу нь түүнд өөрийгөө онцгой хүн гэдгээ харуулах хүртэл энэ л байхад хангалттай.
Түүнтэй дөнгөж танилцсан бол маш хянуур бай. Тэгээд нэг зүйлийг сайн санаж ав. Хэрвээ та хоёр танилцаад удаагүй, ёстой л салж хагацахааргүй байх учиртай энэ үед тэр чамд таалагдах гэж хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа бол ирээдүйд түүнээс ямар ч сайхан зүйл хүлээх хэрэггүй гэсэн үг. Мөн түүний гаргаж буй зан авир нь чиний үнэ цэнэтэй огтхон ч хамаагүй зүйл гэдгийг санаарай. Зөвхөн түүнийг ямаршуухан залуу болохыг нь л харуулж байгаа хэрэг.
Гэхдээ бас чиний байгаа байдалтай ч холбоотой байж болох юм. Чи хэрээс хэтэртэл хичээгээд байна уу? Уг нь чамд зориулах маш их энерги, эрч хүч залууд чинь байгаад байдаг. Гэтэл чи түүнд өөрийгөө илэрхийлэх ямар ч боломж өгөхгүй байна шүү дээ. Тэгэхээр хөөрхий залууд хойш ухрахаас өөр зам үлдээгүй болж таарна...
... Яг үнэндээ бол тэр албаар, ямар хариу үйлдэл үзүүлэхийг чинь харахын тулд л чам руу утасдахгүй уддаг. Үүнд чиний дургүй байгаа эсэхийг мэдэхэд маш хялбархан. Энэ харилцаа нь бүсгүйн хувьд хэр зэрэг чухал болохыг мэдэхийн тулд эр хүн бага зэрэг алгуурладаг. Тийм учраас эрчүүд яагаад утасддаггүй болохыг тайлбарласан өнгөт сэтгүүлүүдийг зүгээр л мартах хэрэгтэй юм.

Сэтгэл татах дөрөвдүгээр дүрэм
Заримдаа эр хүн чиний хандлагыг мэдэхийн тулд албаар утасдахгүй уддаг.

Эр хүн байгалиасаа л аливаа зүйлийн хөрс суурийг бас өөрийн боломжийг шалгаж үзэхийг хүсдэг. Тиймдээ ч тэд харилцаандаа алгуурлах алхмыг хийх дуртай байдаг. “Хайрт минь, би өөрийнхөө хаана байгааг итгэл төгс мэдмээр байна” гэж тэдний хэн нь ч, хэзээ ч хэлэхгүй. Харин түүний оронд ямар үйлдлээр хариу барихыг чинь тэрээр хойд талын суудлаас ажиглаж байх болно. Чи сэтгэл хөдлөлөөр хандах аваас өнөөх залуу өөрийгөө нөхцөл байдлыг гартаа атгасан гэж ойлгоно гээч. Хэрвээ чи маш ойрхон зайтайгаар сэтгэл хөдлөлөө гаргаад байвал чиний төлөө тийм ч их хүч гаргах хэрэггүй юм байна гэсэн дүгнэлтэнд тэр хүрэх болно... (Үргэлжлэл дараагийн дугаарт)

Friday, February 11, 2011

Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ? номын хэсгээс...


Өөрийгөө өндөрт үнэл. Тэр цагт чамтай байгаадаа өөрийгөө хамгийн азтай хүн гэдэгт залуу чинь итгэх болно.

САЙН ОХИН

Бүгд л хэн нэгэн “сайн охин”-ыг танина. Тэр бол бараг танихгүй шахам залууд хариу нэхэлгүйгээр бүхнээ зориулж, түүгээрээ өөртөө итгэлтэй байдлаа нөхөхийг хичээдэг нэгэн. Тэр бол хэт их хичээл зүтгэл гаргаж, яг тийм хариуг эргүүлэн авна гэж сохроор итгэн, өөрийгөө шавхдаг бүсгүй. Тэгээд ямар ч хамаагүй үнээр харилцаагаа тогтоож үлдэх гэж, залуугаа сэтгэл хангалуун байлгах гэж, хүссэн бүхнийг нь гүйцэтгэдэг.

Танил санагдаж байна уу? Учир нь бид бүгдээрээ энэ замаар өмнө нь ямар нэгэн байдлаар алхчихсан байдаг шүү дээ.

Сэтгэл татах нэг дүгээр дүрэм
Хэрвээ чи араас нь гүйсээр байвал тэр чамаас зугтсаар л байх болно.

Эрчүүдтэй харилцах харилцаанд энэ дүрэм илүү тод харагдаж байдаг. Хэрвээ чи эр хүний араас чиний бодлоор тачаангуй харагдуулдаг, торон цамцтайгаа гүйж байгаа бол тэр эхлээд чамтай унтана. Тэгээд дараа нь чамаас зугтах болно.
Яагаад энэ байдал эрчүүдийг зугтахад хүргэдэг вэ? Учир нь бүсгүйн зүгээс гаргаж байгаа иймэрхүү үйлдэл өөрийгөө маш доогуур үнэлдэг болохыг нь харуулж байдаг. Өөрийгөө дутуу үнэлдэг эмэгтэй л тачаангуй, өдөөсөн хувцас өмсөж, түүгээрээ эр хүнийг татахыг оролддог. Залуутайгаа танилцаад удаагүй байгаа бол үүнийг бүр ч анхаарах хэрэгтэй. Учир нь тэр үед та хоёрыг маш хэврэгхэн зүйл холбож байдаг. Гэтэл яг тийм үед бүсгүй өөртөө байгаа бүх хөзрөө урдаа дэлгээд тавьчихсан байгаад л гол учир байгаа юм. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэггүй бүсгүйг эр хүн хүндэлдэггүй бөгөөд бас түүнтэй хамт байх хүсэлгүй болж эхэлдэг. Энэ үед өнөөх ганган, торон цамц ашиг тусаа өгч чадахгүй.
Супер эмэгтэй бол үүнээс тэс өөр. Хэн нэгэнд таалагдах гэж тэр хэзээ ч хөлөөрөө толгой хийхгүй. Тийм ч учраас эр хүний удалгүй дурлах тэр эмэгтэй эхэн үедээ хэзээ ч дөрвөн төрлийн хоол хийж түүнийг дайлахгүй. Нэлээд удаж байж, магадгүй хагас жилийн дараа супер бүсгүй маань тийм ч их ажиллагаа орохооргүй халуун хоолыг ердийн тавганд таваглаа залуугаа дайлах байх. Харин тэр үед залуу нь юу гэж бодно гээч?
“Бурхан минь, би үнэхээр түүнд таалагддаг юм байна”
Уг хоолыг муу эмэгтэй ойролцоох зоогийн газраас худалдан авч, гэртээ халаагаад залуугаа дайлсан байж ч магадгүй юм. Гэхдээ л хариуд нь “Миний амьдралдаа идэж үзсэн хамгийн сайхан хоол байна” гэсэн үгийг сонсоно.
Харин залуу нь өөрийгөө яг л хаан болсон мэт бодож эхэлнэ. Нэг онцлог нь гэвэл уг харилцаанд эр хүн маш их цаг, хөлс хүчээ зарцуулсан. Энэ бүхнийг тэр хялбархан олж аваагүй. Тийм ч учраас тэрээр муу эмэгтэйтэй хамт байгаадаа, тэдний хооронд үүссэн харилцаандаа маш их сэтгэл хангалуун байх болно.

Сэтгэл татах хоёрдугаар дүрэм
Эрчүүдийг араасаа үхэн хатан гүйлгэдэг бүсгүйчүүд ихэвчлэн тийм ч онцгой төрсөн нэгэн байдаггүй. Тэд зүгээр л эр хүн өөрсдийнх нь амьдралд чухал байр суурь эзэлдэг гэдгийг нууж чаддагаараа бусад эмэгтэйгээс ялгардаг.

Дөнгөж танилцангуутаа түүнд өөрийнх нь төлөө юу ч хийхэд бэлэн гэдгээ харуулбал яах вэ? Тэр чамайг яахаас ч буцахгүй юм байна гэж бодно. Тэгээд өөрийнх нь төлөө юу хийхэд бэлэн байгааг чинь харахыг хүснэ. Энэ бол хүний байгалиас заяасан зан шүү дээ. Түүнд толгойгоо мэдүүлэх тусам тэр чамаас илүү ихийг шаардах болно. Яг л Duracell (дурасел) батарейг шалгаж байгаа мэт.
Муу эмэгтэйн маш сайн ойлгодог эдгээр зүйлийг сайн охид ч бас мэдэж байх учиртай. Эр хүнийг сэтгэл хангалуун байлгах гэж хэт их хичээвээс харин ч өөрөөсөө түлхэж, харилцаагаа цэглэхэд хүргэдэг юм шүү.
Өөрсдөд нь таалагдах гэж хэтэрхий хичээдэг бүсгүйчүүдийг эрчүүд ихэнхдээ нэг их сонирхоод байдаггүй. Маш ухаалаг, боловсролтой эмэгтэйчүүд ч эрчүүдтэй харьцахдаа алдаа гаргадаг. Магистр цолоороо, улс төрийн үзэл бодлоо хамгаалах чадвараараа эсвэл санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн үнэ ханшийн талаарх мэдлэгээрээ эрчүүдийг гайхашруулж, өөртөө татна гэж тэд итгэдэг. Гэвч сонирхол татна гэдэг ямар нэгэн зүйлийн талаар нухацтай яриа өрнүүлж чадаж байгаа эсэхээс огт өөр…

Friday, November 26, 2010


Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ? хэмээх энэхүү ном маань "хэт сайн" бүсгүйчүүдэд зөвлөгөө болон гарч байгаа юм. Муу эмэгтэй гэдэг үгийг энд шууд утгаар нь ойлгох хэрэггүй бөгөөд гагцхүү номныхоо утга агуулгад зохицуулан ёгт хэлбэрээр оруулсан болно.
Ном маань гарчигнаасаа авахуулаад л доторх утга санаа бүхэн нь олон эмэгтэйн дотроо боддог хэдий ч ил гаргадаггүй зүйлийг өөртөө агуулсан байгаа. Эмэгтэй хүн бүр хэн нэгэн эр хүнд ямар нэгэн байдлаар илүү нээлттэй хандаж, сэтгэл зүрхээ илэрхийлснээсээ болоод эвгүй байдалд орж үзсэн байдаг. Хэдийгээр хэн нэгэн эрийн сэтгэлийг эзэмдэж чадсан ч, түүнийг хайрлаад ирэхийн цагт нөгөөх нь хүйтэн хөндий зан гаргаж байсан удаа бишгүй л тохиолддог. Эмэгтэй хүн бүр л эр хүн өөрийг нь сонирхохоо болих үед ямар мэдрэмж тэрдгийг мэднэ. Эдгээр асуудлууд нөхөртэй, нөхөргүй ялгаагүй ихэнх бүсгүйд тохиолдсон байдаг.
Тэгэхээр ер нь яагаад эрчүүд муу эмэгтэйг хайрладаг юм бол?
Гэхдээ энэ номонд хэрэглэгдэж буй "муу эмэгтэй" гэсэн нэр томъёог сөрөг утга бүхий жинхэнэ нэрээс нь ялгаж ойлгох хэрэгтэй юм. Тэрээр ямар ч атугай хорон муу санаатай эмэгтэй биш шүү...
...Миний номонд дүрсэлж буй "муу эмэгтэй" бусадтай эелдэг харьцдаг бөгөөд хүчирхэг зан чанартай нэгэн билээ. Тэрээр эелдэг зөөлөн хэдий ч өөрийн хүчирхэг зангаа ямагт харуулж байдаг. Хэн нэгэн залуугаас болж зорьсон зорилгоосоо татгалздаггүй бөгөөд эр хүн түүнийг хэзээ ч өөрийнхөөрөө байлгаж чаддаггүй. Тэр бол эр хүн хурдаа хэт нэмээд байсан ч өөрөөрөө байж чаддаг, шаардлагатай бол түүнээс холдож чаддаг бүсгүй...
...Энэхүү номонд эрчүүдийн амнаас тэр бүр гараад байдаггүй зүйлсийн талаар хөндсөн болно. Хайрт чинь чамд хэзээ ч "Хонгор минь, битгий ийм сул дорой бай. Битгий үргэлж за гэж хэлж бай. Бүхий л санаа бодол чинь зөвхөн над руу чиглэсэн байхыг өөртөө бүү зөвшөөр" гэж хэлэхгүй. Ямар ч эр хүн хайртай бүсгүйдээ тайлбарлаж хэлээд байдаггүй зүйлсийн тухай өгүүлж байгаагаараа энэ ном маань өгөөжтэй байх юм...
...Хайр дурлалын асуудал дээр азтай байхад гаднах төрх биш харин үйл хөдлөл, байгаа байдал чинь л нөлөөлдөг гэдгийг бүсгүй та ойлгох болно...