Showing posts with label үзэл бодол. Show all posts
Showing posts with label үзэл бодол. Show all posts

Friday, November 21, 2008

Үргэлжлэл бий...


Өнөөдөр сонины саяхны нэг дугаар дээр гарсан Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төвийн тухай нилээн шуугаан тарисан нийтлэлээс хойш гэнэт юу болов гэмээр манай улсын эрүүл мэндийн салбарынханыг тойрсон нийтлэл, нэвтрүүлэг, санал сэтгэгдэл олноор гарч нийгэм даяараа л шуугаж байх шиг байна. Дээрх нийтлэлийг хэд хоногийн өмнө хэрэгт дурлан байж уншлаа. Миний хувьд бичлэг нь их таалагдсан. Чухамдаа сэтгүүлч хүн нийгэмд болж бүтэхгүй байгаа юмны тухай зоригтой дугарч, нийгмийг сэрээж байх үүрэгтэй гэж би боддог. Өнөө цагт манайд түгээмэл болсон эл асуудлын талаар бичсэн сэтгүүлч Ш.Даваадоржид баяр хүргэж, талархалаа илэрхийлэе. Мэдээж салбарын сайдаасаа авахуулаад холбогдох дарга нар нь энэ асуудлын талаар тодорхой арга хэмжээ авах байлгүй дээ.

Үнэхээр өнөөдөр манай зарим нэг эмнэлэгүүдэд (тэр дундаа төрөх эмнэлэгүүдэд) мөнгөгүй л бол эмчдээ бүрэн дүүрэн итгэхэд хүндрэлтэй болсон нь нэгэнт нууц биш болжээ. Зах зээлийн энэ ороо бусгай цагт мөнгө гээч эд, өмссөн халаад шигээ ариун байх ёстой тэдгээр эмч нарын маань өвчтөндөө хандах сэтгэлд толбо үүсгээд байгаа нь их харамсалтай ч манай эмч нар бүгдээрээ тийм ёс суртахууны доголдолд орчихсон гэдэгтэй би огтхон ч санал нийлэхгүй.Учир нь миний бие бээр эмч хүнд гүн хүндэтгэлтэй ханддаг нэгэн. Яагаад гэвэл харинч манай монгол эмч нар хүнд нөхцөлд бусдын эрүүл энхийн төлөө, өдөр шөнөгүй, нойр хоолоо хасан байж ажилладаг гэдгийг би мэднэ...

Өнөөдөр эмч нар маань хүнд хэлэхээс ч ичмээр цалин авч түүгээрээ ар гэрээ болгож, маш их ачаалал, стрессэн дунд ажиллаж байна. Яахав төрөөс эрүүл мэндийнхээ салбарт чадлаараа л туслаж байх шиг байгаа юм л даа. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж л байгаа юм байна лээ. Гэхдээ л бүрэн гүйцэд өнөөх нь шинчлэгдэж өгөхгүй л байна. Арга ч үгүй байх л даа. Зөвхөн эрүүл мэндийн салбарт өнөөдөр шинэчлэл шаардагдаад байгаа юм биш. Нийтийн тээврээс авахуулаад, бидний амар тайван байдлын төлөө халуунд халж, хүйтэнд хөрөн манаанд гарч байдаг цагдаа нарын маань амьдралч өнөөдөр хэцүү л байна. Энэ мэтээр хэцүү болгоныг дурдиад байвал дуусахгүй нь ойлгомжтой.

Хамгийн гол нь бид энэ төр болохгүй байна гэж улс төржихөөсөө өмнө яавал энэ асуудлуудыг шийдэж болох талаар өөрийн мэргэн ухаанаа уралдуулж, зөвхөн өөрийнхөө тусын тулд биш бусдын сайн сайхны төлөө, цаашлаад улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө юм хийх цаг нэгэнт болжээ. Залуусаа...

Tuesday, November 4, 2008

Хаанахын ёс вэ?


Саяхны нэгэн өдөр манай ажлын газраас зохион байгуулсан нэгэн арга хэмжээний дараа бидний урилгаар ирсэн гадны хоёр зочноос ярилцлага авах гээд нэгэн сэтгүүлийн сурвалжлагч ирэв. Уг нь хоёр зочноос маань ярилцлага авах зөвшөөрлийг нэгэн эеэлдэг эмэгтэй утасны цаанаас авч байсан бол сурвалжлагч нь гэж харин нилээд ширүүн дориун хүн байж таарлаа. Намайг ирэхэд тэрбээр нилээд ширүүн гэгч нь надаас- чи орчуулагч нь уу? гэж байна. Би ч -тийм ээ,. л гэлээ. Ярилцлагийн өмнө зураг авна гэж урьд нь ярьж тохирсон байсан учир нөгөө хоёр хүний зургийг авах болж түүнтэй хамт ирсэн зурагчин залуу зураг дарна. Энэ хооронд өнөөх сэтгүүлчийн дээрэнгүй зан арилаагүй л байлаа. Энд нэг зүйлийг тодрүүлахад бидний анх уулзсан өрөөнд биднээс гадна бас манай дарга, бас бус хүмүүс байсан л даа. За тэгээд ярилцлага дор хаяж 30 минут үргэлжлэнэ гэнэ. Тийм болохоор тухтай өрөөнд суух ёстой гэнэ. Дээр дурдисанчлан уг үйл явдал манай байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээний дараа болсон бөгөөд эл арга хэмжээ нь гадны байгууллагийн зааланд болсон билээ. Түүний хүсэлт бөгөөд шаардлагын дагуу өөр өрөөнд ярилцлага өгөхөөр болов. Дарга маань асуулаа. -30 минут чинь их удаан үргэлжлэнэ ш дээ. Танд дуу хураагч диктафон байгаа юу? гэж. Гэтэл өнөөх сэтгүүлч маань тийм сонин юмыг ашигладаг жижиг гар биш гэнэ. -Тэгвэл танд бэлдсэн асуулт байна уу? Бас л - Байхгүй гэж сэтгүүлч ах хариуллаа. Ингээд ярилцлага ч эхлэв. Гэвч,. Асуух гээд байгаа юмыг нь сонсоод байхад ер нь мань хүн манай зочны намтрыг тийм ч сайн мэдэхгүй бололтой. Мэдээж мэдэх албагүй. Гэхдээ л өмнө нь бид хоёр зочныхоо талаарх мэдээллийг чамалхааргүй л тараасан юмсан. Ямар хүнээс ярилцлага авах гэж байгаагаа болон юун тухай асуухаа өмнө бэлдэх зав түүнд байгаагүй л юм байлгүй дээ, бодвол. За тэр яахав гэтэл асууж байна. -Хэзээ анх хөгжим тоглож эхлэв?,. -Анхны тоглолт?,.-Олон оронд тоглосон байна. Хаанаас танд ийм санаа төрөв?,. гэж байснаа гэнэт -Даяарчлалын талаар асууж байна. Гэхдээ хэлсэн үгийг маань бараг тэмдэглэсэнгүй. Бараг гэдэг маань эхний хоёр гурван хариултыг тэмдэглэж байснаа гэнэт тэмдэглэлийн дэвтэрээ далд хийгээд асууж гарлаа. Тэмдэглэх цаасаа цүнхэндээ хийсэн хүн одоо бол миний орчуулахыг л чагнан толгой дохиж байв. Тэгээд л дээшээ харах юм. Юу асуух гэж байгаагаа бодов бололтой. Ярилцлагийн дундуур манай дарга эхнэрийн хамтаар бидний хажуугаас орон нэмэр болох өгүүлбэр хэлж өгч байлаа. Өнөөх сэтгүүлч ах байдгаар нь алцайгаад суучихсан л дээшээ харан асуултаа бодсон хэвээр л... Тэрээр авцалдаагүй баахан юм ярьж байснаа тэс өөр асуулт тавих аж. Тэгж байтал яагаад ч билээ манай даргыг юу хийдэг хүн болохыг нь сэтгүүлч ах мэдэж авах завшаан тохиолдов оо. Бас надаас -чи хааяа орчуулга хийдэг юм уу? гэж байна. Би өөрийгөө хаана ажилдгаа танилцууллаа. Харин энэ ярианы дараа өнөөх ширүүн сэтгүүлч ах гуайгийн манай даргатай болоод надтай харилцах харицаа шал өөр болсон гээч. Намайг ч сүүлдээ миний дүү л гээд байна лээ.хэхэ. За энэ ч яахав. Ийнхүү хэсэг хугацааны дараа бидний ярилцлага өндөрлөлөө. Бид бүхэн босоод бараг гарах гэж байтал өнөөх сэтгүүлч ах асууж байна.-өө тийм,. Миний дүү асуугаад өгөөч. Энэ хоёрын хувьд хайр гэж юу вэ? Ийнхүү бидний ажил дуусаж салцгаалаа. Өрөөнөөс гарах үедээ мөн асууж байна. -"та нар хаашаа явах вэ?" гэж,. Би энэ асуултыг харин ойлгоогүй ч "-гэр гэрлүүгээ "гэж хариулав. Ийнхүү гар гараа барилцаад бид салан одлоо.
Харин манайхан "Юу ч тэмдэглэж авсангүй. Сэтгүүл дээр тэгээд юу гарах юм бол?" гэж гайхаж үлдсэн юмдаг.
Миний хувьд гэвэл ямар гээч хүнд нь орчуулга хийснээ сайн ойлголгүй л үлдсэн. Нөгөө билиг танхай яруу найрагч гэдэг шиг, билиг танхай сэтгүүлч, сэтгүүл зүйн ухааны хүн гэхээрээ ийм байдаг юм болов уу? Бүү мэд. Би ямар мэдэх биш. Гэхдээ л тийм айхтар мундаг авьяастан нь байлаа ч гэсэн бусадтай эелдэг харицаж яагаад болдоггүй юм бол?!
Өнөөх манайхны магтаад байдаг Монгол эр хүний зан гээч нь энэ юм уу?! Хэнб гуайд ч бууж өгөх дургүй, хар ярианд хэрэглэдэг шиг "пээдгэр" зан гээч хаанахын ёсон бэ, хүмүүсээ?
Энүүхэндээ л гэж хэлэхэд олны танил хүмүүс -намайг ингэж яриагүй байхад тэр сонин тэгээд бичсэн байна лээ. гэж сүүлд нь янз бүрийн телевиз энэ тэрээр тайлбарлаад яриад байдгийн учрыг би бараг олсон шүү. Харах тэмдэглэл энэ тэргүй хүн чинь, очоод өөрийнхөө хүссэнээр л бичнэ биздээ. Тэгэхээр арга ч үгүй юм бишүү,. Гэхдээ харжил байя. Дараа долоон хоногт сэтгүүл нь гарах юм гэсэн шүү.

Thursday, May 15, 2008

Авлига

Миний биебээр яг жилийн өмнө авлига, түүний илрэлтэй хэрхэн тэмцэх талаар илтгэл тавьж байсан юм байна. Тэрхүү илтгэлийн хэсгээс сийрүүлбэл.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) авлигатай тэмцэх асуудлыг ядуурлыг бууруулах, хүний эрхийг хамгаалахын төлөө ардчилсан засаглалыг бэхжүүлэх ажлынхаа нэн чухал хэсэг гэж тодорхойлсон байна.

1997 оноос НҮБХХ хариуцлага, ил тод байдал шудрага ёсыг бэхжүүлэх хөтөлбөрүүдэд оролцож эхлэсэн ба 2005 оны 12-р сараас НҮБ-ын Авлигын эсрэг конвенци хүчин төгөлдөр болсон.

Монгол Улсын нь 2006 онд уг конвенцид нэгдэн орсон бөгөөд 2006 оны 07 сарын 06 ны өдөр Авлигын эсрэг хуулийг Улсын Их Хурлаар батлан, уг хууль 2006 оны 11-р сарын 1 ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

2006 оны 07 сарын 06 ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3.1-р зүйлд зааснаар авлига гэж нэр бүхий байгууллагын албан тушаалтнууд эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ.

Гэх мэт онолын талаасаа авлига, түүнтэй хэрхэн тэмцэх талаар хэдэн арван, түүнээс ч их хуудас материал байх юм. Тэгэхээр арай өөр өнцгөөс нь хараад үзэе л дээ.

Анзаарч харвал манайхан сүүлийн хэдэн жил л авлига гэсэн үгийг амны уншлага болгосон мэт. Энд ч жагсаал цуглаан, тэнд ч авлигачидтай тэмцэх уриа лозин. Тэгэхээр 2000 оноос өмнө манай улсад авилга гээч юм огт байгаагүй юм гэж үү?
1997 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр нэр бүхий нэр дэвшигчрүү хандсан хээл хахууль авсан, өгсөн гэх Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийг тойрсон элдвийн хэл ам, хэрүүл маргааныг телевизийн сувгаар хайр найргүй цацаж байсан байх. Тэр үед чухамдаа авлига гэсэн өнөөх алдартай үгийг ийнхүү хээл хахууль хэмээх хоёр үгээр орлуулж байсан байгаа юм. Түүнээс даруй 10 гаран жилийн өмнө бол "арын хаалга" гэсэн үг нийгмийн дунд түгсэн, бүгд л тэр үгний учир утгыг ойлгож, басхүү тэр "арын хаалга" гэгч юмгүйгээр ажил албаа залгуулахад хүндрэлтэй байсан тухай та бид санаж л байгаа. Тэгэхээр өнөөх гайхалт "соц" нийгмийн үед одоогийн бидний яриад байгаа авлига гэгч байсан л байгаа юм. Зарим эрдэмтдийн нотлож байгаагаар бол. 13-р зуунд буюу Эзэн Чингис хааны үед авлига өгөх, авах явдал бас л байсан байна. Монголын Нууц Товчоонд " Ван хаан Тоорил Тэмүүжинд хандан:
...Булган тахны чинь оронд
Бутарсан улсыг чинь нэгтгэж өгөе..." гэж бичсэн байдаг нь өнөө үед иргэн Бат томоохон яамны сайдын өрөөнд орж, үнэтэй виски барингаа өөрийгөө сайдын дотны найзын хүү болохоо хэлэн, хүсэл зоригоо илэрхийлж байгаа, харин сайд хариу тус үзүүлэхээ амлахтай агаар нэгэн гэж тайлбарласан байгаа юм. Хэрвээ үүнтэй санал нэгдвэл, хэдийгээр түүхэнд тодорхой бичигдсэн баримт байхгүй ч Хүннү, Сүннүгийн үед авилга байсан байх магадлалтай өндөр аж.

Үүнээс дүгнэлт хийхэд авлига хаана эрх мэдэл байна, тэнд байна. Ажилгүйдэл, инфлиацигүй нийгэм байдаггүй шиг, авлигагүй нийгэм гэж байхгүй. Харин авлигын түвшинг тодорхой нэг хэмжээнд барьж байх нь чухал байдаг байна.

Авлига өөрөө нийгэмд асар их хор уршигтай. Үүний тод жишээ бол Монгол Улс тусгаар тогтнолоо алдан Манж Чин Улсын дарлалд 200 жил дарлагдсан явдал юм. Манжын хаан цэргийн хүчээр бус, харин Монголын тухайн үеийн хаад ноёдод хэргэм зэрэг, бэлэг сэлт өгөн, өөр хооронд нь эвдрэлцүүлэх замаар Монголын төрийг ганхуулж,Өвөр Монгол, Төв халх, Баруун Монголыг аажмаар эрхшээлдээ оруулсан тухай түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Ийнхүү авлига авсан хэдхэн хүний балгаар бүхэл бүтэн улс гүрэн нуран унаж, ард олон нь зовлон гачаалыг амсах болсныг түүх гэрчилнэ. Сүүлд 1919 онд тусгаар тогтнолоо эргүүлэн олж авахын төлөө бидний өвөг дээдэс болох Монголын маань олон арван эрэлхэг хөвгүүд өөрийн алтан амиа өргөж байсныг дурдиад байвал их юм бий. Дэлхийн хамгийн урт хэлэлцээ болох 8 сар үргэлжилсэн Орос, Монгол, Хятад гурван орны (Хиагтын) хэлэлцээрийн үеэр Монголын талыг төлөөлж байсан ерөнхий сайд "Улсынхаа тусгаар тогтнолыг алдах нь" хэмээн нулимс унаган зогсож байсан гэдэг. Ийнхүү 1919 оноос эхлэсэн тусгаар тогтнолын төлөөх тэмцэл үргэлжилсээр, 1945 оны 10-р сард Монголчууд Улсынхаа тусгаар тогтнолын төлөө 100% санал өгсний ачаар БНХАУ манай орны тусгаар тогтнолыг арга буюу хүлээн зөвшөөрсөн байгаа юм.

Хэрвээ авлига ийм их хор уршигийг дагуулдаг юм бол яаж түүнтэй тэмцэх ёстой вэ?

Сингапур улсад авлигын түвшин доогуур байгаа нь төрийн албан хаагчдын цалин өндөр байгаатай холбон үздэг байна.

2007 оны хавар NTV телевизээр АНУ-ын ерөнхийлөгч 350000 долларын цалин авдаг бол, МУ-ын ерөнхийлөгч 350000 төгрөг, Улсын Их Хурлын гишүүд 280000 төгрөгний цалин авч байгаа тухай мэдээлэл гарч байсан. Хэдийгээр манай улсыг АНУ-тай харьцуулах боломжгүй ч, төрийн дээд албан тушаалтнуудын энэхүү бага цалин нь авлига авах эх үндэс болж байгааг үгүйсгэх аргагүй юм. Зөвхөн төрийн дээд албан тушаалтнуудын ч биш, нийт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар явуулж буй МУ-ын засгийн газрын бодлого нь авлигатай тэмцэхэд ихээхэн ач холбогдлыг дагуулж байна. Гагцхүү цалин нэмэгдүүлснээр гарч ирж буй инфлиаци гэх мэт сөрөг үзэгдлүүдийг багасгах нь өнөөгийн засгийн газрын тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа юм.

Гэвч харамсалтай нь өндөр цалинтай байлаа гээд авлига авахгүй гэсэн баталгаа бас л байхгүй байгаа юм. Хүн гэдэг байгалиасаа ихээхэн шуналтай амьтан. Тэгэхээр тухайн хүний сэтгэл зүйд нь авлигын хор уршигийн талаар сайн ойлгуулах, авлига авахгүй, бас өгөхгүй байх ухамсрыг суулгах нь чухал байна.

Шашины үзэл ч авлигатай тэмцэхэд их ач тустай юм. Буддын шашинд "Шунал"-ыг тэвчиж байхыг сургасан байдаг. Библийн сургаалд ч ихийг хүсэхгүй байх, бусдад атаархахгүй байх тухай сургаал үгс олон бий.

Эцэс нь тэмдэглэхэд "Аз жаргалтай хүн гэж, байгаа юмандаа сэтгэл хангалуун хүнийг л хэлнэ". Хүн бүр өөрт байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, ажилдаа чин сэтгэлээсээ хандан, өөрөө өөрийнхөө эзэн нь байж чадваас, энэ нь эргээд авлига авахгүй байхын эх үндэс болох болов уу.

Friday, May 9, 2008

Асуудал их байна

Асуудал их байна:(...
Уг нь би optimist хүн л дээ,. Гэвч харамсалтай нь одоо өглөө гэрээс гараад л бухимдаж эхлэх юм.

Манайх саяхан ашиглалтанд орсон хотын төвийн нэгэн орон сууцанд амьдардаг айл. Байшин маань гаднаасаа их л дажгүй харагддаг ч, дотроо бол тийм ч сайхан биш. Орцоор дүүрэн хог, харин ханан дээр нь элдвийн юм эрээчсэн байх,. Мэдээж СӨХ.тэй,. Гэвч тэр СӨХ гуай юм хийдэг эсэх талаар би л лав юм мэдэхгүй. Осолдохгүй л сар бүр баахан мөнгө нэхээд байх шиг байдаг юм. За энэ ч яахав. Энэ талаар бичээд байвал их юм бий., Би гайхаад байдаг юм. Яагаад бусдын хийж бүтээснийг сүйтгэж байж санаа нь амардаг сэтгэлгээ бидэнд болоод биднээс залуу үеийнхэнд суусан байдаг байна. Манайхан 90-н онд соц нийгмээс ардчилсан нийгэмрүү эргэлт буцалтгүй шилжсэн сайхан, гэгээн түүхтэй улс. Энэ хооронд шилжилтийн үе гээч урт удаан үргэлжилсэн замыг бид туулж ирсэн. (Одоо ч тэр шилжилтийн үе дуусаагүй байгаа гэж зарим хүмүүс маргаад байгаа). Энэхүү шилжилтийн үе бидэнд сайн муу олон л юмыг авчирсан байх юм. Муугийн нэг жишээ бол орцонд болзох залуус, охид хөвгүүд орцны ханыг тэдний хайр сэтгэлээ илэрхийлэх самбар ч юм уу, талбар ч юм уу нэг тийм юм, орц өөрөө хогийн цэг гээч юм нь гээд ойлгочихсон байгаа явдал яах аргагүй мөн. Би өөрөө залуу хүн. Саяхан л бас тэдний нэгэн адил орцонд болзож явлаа.(бас тийм ч саяхан биш юм байна шүү:),. Гэхдээ л ханан дээр юм сараачаад, бас хог хаяад байснаа санаддаггүй юм. За яахав. Би өөрийнхөө тухай бичихгээгүй болохоор,. Эдгээр өсвөр насны охид хөвгүүдэд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид нь хэлж ойлгуулж баймаар байгаа юм л даа. Хогоо хогийн саванд нь хаяж бай гэж...

Хогийн сав гэснээс,. Манай хотод чинь хогийн сав гээч юм байхгүй ш дээ. Уг нь зайлуул хот, дүүргийн Тохжилт үйлчилгээний газраас хогийн савыг нь бий болгоод энд тэнд байрлуулдаг юм байна лээ. Харамсалтай нь тэдгээр хогийн савнууд нь төд удалгүй ашиг хонжоо хайсан, ухаан муу нэгнийх нь олз болж байгаа юм хөөрхий. Гэхдээ дандаа хар бараан юм байна гэж юу байх вэ. Хүмүүс бүтээж байна. Дархан хотод л гэхэд нэг хэсэг хүмүүс нийлээд бидний хаясан хог, хаягдлуудыг ашиглан, дахин боловсруулж хогийн сав зэргийг үйлдвэрлэдэг компани байгуулсан байна лээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээрэй Дарханыхаа Хүүхэд Залуучуудын Паркыг тохижуулахад хувь нэмэр оруулсан байсан. Ер нь та Дархан-Уул аймгийн Дархан суманд очихоороо хүүхдийн паркаар нь нэг зугаалаад үзээрэй. Яг л бидний өнөө муучлаад байдаг социализмын үед очсон юм шиг л сэтгэгдэл танд төрнө шүү. Орчин тойрон нь цэв цэвэрхэн. Тэнд та цоглог хэмнэлтэй аялгууг, хүүхдийн инээдтэй хамт сонсоно. Хөгшид гимнастик хийж, харин залуус хос хосоороо зугаалж байхыг харна. Гайхалтай... Саяхны нэг өдөр уг компани Улаанбаатар хотод түнш хайж байгаа тухай зар телевизээр гүйсэн шүү. Тэгэхээр удахгүй бид хотдоо хогийн савтай болж магадгүй л юм.

Ер нь манайхан их л Эх оронч үзэл энэ тэр гэж цээжээ дэлдэн ярих дуртай улс. Гэхдээ би хэлмээр байдаг юм. Юм гэдэг чинь жижгээсээ л эхлэдэг жамтай. Ядаж бид эх оронч хүн юм бол гудамжинд хог хаяхаа болье л доо. Зөвхөн гудамжинд ч биш, нийтийн эзэмшлийн газруудад татсан тамхиныхаа ишийг хаяхаа больмоор байгаа юм. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьдаг зарим найз нар маань дээр миний бичээд байгаагийн яг эсрэгээр жижиг гэлтгүй хогоо огтхон ч санаа зовсон шинжгүй хаяж байх юм. Нөгөө арай л соёлжсон, юм үзэж нүд тайлсан хүмүүс маань ийм байхад, бусад нь арга ч үгүй юмдаг аа.

Ийнхүү дотроо бухимдсаар машинаа асаан, ажлаа хөөцөлдөхөөр явна даа. ( Энэ зуураа өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа шатахууны үнийн талаар бодохгүйг хичээнэ шүү. Угаасаа дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байгааг ухамсарлаж байгаа хойно. Тэгэхээр нэгэнт машин унах хоббитой юм чинь бензинээ авч чаддаг л байхаас өөр арга замгүй болж байгаа юм. Уг нь манайхан өөрсдөө нефтээ боловсруулдаг болчихвол ч,..) Тэгж байтал хажуугаар том оврын автобус, микробус болоод excel-үүд ёстой нэг сайхан дайрч орж ирнэ дээ. Бухимддаг л юм. Ер нь бүгд л бухимддаг байх. Манайхан нийтийн тээвэрт явж байгаа жолооч нарт өндөр шаардлага тавидаг баймаар байгаа юм. Тэднийг ажлуулж байгаа компаниудын удирдлагуудтай хатуу хариуцлага тооцдог байх хэрэгтэй л дээ. Өнгөрсөн өвөл нийтийн тээвэрт явж байсан хоёр том оврын автобус мөргөлдөж бөөн юм болж байсан. Эцсийн эцэст дотор нь явж байсан зорчигч нар л хохироод үлдэж байгаа юм. Тодорхой хэмжээний хариуцлага тооцсон байх л даа. Гэхдээ л энэ талаар бодлогын чанартай том өөрчлөлт хийхгүй бол болохоо больжээ. Манай хотын нийтийн тээвэр нь гайгүй байсан бол ядаж л ийм олон сайн муу, сайхан муухай машинууд замаар түгжрээд байх нь гайгүй байх байсан болов уу гэж бодох юм. Манай өнөөгийн нийтийн тээврийн тухайд бол "Хэрэглэч бол Хаан" гэсэн урайг мартах хэрэгтэй. Манайхан ч хүлцэнгүй нь дэндсэн улс шүү. Баруунд автобусны жолооч үл ялиг ширүүн л яваа бол хэн нэгэн хөгшин хүн "-Уучлаарай,ноёнтоон. Та хүн тээвэрлэж яваа шүү" -гэж хэлэхэд л өнөө жолооч нам. Манай өвөө эмээ нар тэгж хэлсэн бол дуусaa,.. Ууртай жолооч аягүй бол унаанаасаа чирээд буулгана шүү. Нийтийн тээвэр нэг иймэрхүү байдаг юм байжээ. Уг нь хөрөнгө мөнгөгүйгээсээ болоод гэсэн шалтаг байх ёсгүй л дээ. Энэ талаар ямар нэгэн юм хийх цаг болсон байх шүү. Тийм биз дээ. Ард түмээн,.:)

Өө тийм. Замын түгжрээ гээч юм бий. Нэг сагсуу, тэвчээргүй нөхөр нь улаан гэрэл дайрч орж ирснээс болоод бөөн юм болж байгаа юм даа. Анхандаа замын түгжрээн дунд ороод, хаашаа ч гарах аргагүй болох үед, сайхан, машинаасаа буугаад алхчихмаар санагддаг байж билээ. Харин одоо бол өөрөө. Янз бүрийн юм болсоор байгаад,. гарчихдаг болсон. Гайгүй сайн жолооч болж байгаа юм байлгүй дээ. Замтай холбоотой бас нэг юм байна аа. Манайхны зарим жолооч нар замын цагаан зураас гэсэн юмыг сайн ойлгодоггүй юм шиг байгаа юм. Уг нь бол эсрэг урсгал, эгнээ гэсэн юмнуудыг л зааглаж өгөөд байдаг юм шиг байгаа юм нөгөөх нь. Гэтэл байхгүй шүү. Тэрийг нь анзаарч байгаа жолооч алга. Би ч мөн адил. Ёстой хуруу орох зайгүй болтол нь 2 талаас чихнэ дээ,. Хоёр машин явах замаар дөрвөн машин явах бол энүүхэнд. Жолооны күрс гээч газрууд хэрхэн жолооч бэлдэж, тэндээ юуг заадаг юм болдоо. Гэхдээ манайхан дүрмээ мэдэхгүй ч, чадварлаг жолооч нар юм шиг байгаа юм. Тэр аймаар ямар ч зай завсаргүй болсон замаар чинь сүлжээд, сүлжээд л гарах нь тэр. Бас энд машин замаар бэлчих хүмүүсийг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Тэр дундаа шөнө оройхон замын бүүдгэр гэрэлтүүлгэнд, өөдөөс хүчтэй тусах машины хурц гэрлэнд явж байхад гэнэт замын голд хүн гараад ирэхээр цочих шиг болдогоо нуугаад яах вэ. Бас хэрвээ би анхааралгүй явсан бол яана гэж бодоход хамаг бие арзайх шиг болдог юм. За энэ ч яахав. Муу юм холуур байг.

Манай хотод чинь өдрөөс өдөр ирэх тусам машин тэрэг нэмэгдсээр, хотын төвд бол өдөр тийшээ машины зогсоол олдохгүй болдгийг та бид юу эс андах билээ. Яаж ийж байгаад машинаа тавьж байгаа юм л даа яахав. Уг нь би зам хөндлөн гарахаас үхтэлээ айдаг хүн. Мэдээж гарцаар гарна. Гарах гарахдаа аминдаа хайртай юм болохоороо гэрлэн дохиотой газраар л гарах гэж хичээнэ шүү дээ. Тэр нь арай л баталгаатай юмдаа. Ногоон гэрлийг нь хүлээж хүлээж гарах болно. Гарахаасаа өмнө бас хоёр тийшээ сайн харж гарахгүй бол болохгүй ээ. Хаанаас ч хамаагүй хурдан машин ороод ирнэ. Түүнээс гадна гэрлэн дохион дээр жолооч яг явган хүний гарцан дээр машинаа зогсоодог хуультай. Тийм болохоор тэр олон машинуудын дундуур сүлжиж гарна даа. Гарах болгондоо,. "Манайхан нээрэй хүлцэнгүй улс юмуу даа"- гэсэн юм бодно. Гай дайрч хэн нэгэн жолооч нь анхаарал алдан, тормосноосоо хөлөө авбал яана,.. Би өөрөө жолооч хүн, бас хааяа зам хөндлөн гардаг явган зорчигчынхоо хувьд машин бариад явж байх үедээ гарцаар гарч байгаа хүмүүсд зам тавьж өгөхийг хичээдэг юм.
Энэ мэт аар саар юмнуудад бухимдаж байтал өвлийн цагт гарч ирдэг Улаанбаатарын утаа гээч юм бий. Бидний эрүүл мэнд ч өнгөрсөн байх оо, хөөрхий. 5 жилийн дараа гэхэд нийслэлчүүдийн маань ихэнх нь уушигны хорт хавдраар өвчилнө гээд байгаа. Уушигны эмч л тэр үед үнэд орох нь дээ. Гэхдээ одоохондоо хавар болоод, урин цаг ирж, хотынхон бид утаанаасаа түр зуурч гэсэн салаад сайхан байна. Утааны талаар утаатай үед нь л бухимдая даа.

Харин улирлын чанартай гарч ирдэг нэг асуудал бол яах аргагүй ойн түймэр. Хүмүүс бид ой модоо учиргүй арчилаад сүйд болдоггүй юмаа гэхэд, галдан шатаахаа болих юмсан. Энд ч Туулын ус бохирдож, загас жараахай үхэж байна, тэнд ч нэг том гол ширгэж байна, ой мод шатаж байна гээд л хүмүүс бидний ухамсаргүй үйлдлийн хор уршгийн талаар өдөр бүр л мэдээллийн сувгуудаар цацах, түүнийг нь үзээд, сонсоод бас л бухимдах сэтгэл төрөх юм. Тэгж байтал хүмүүн төрлөхтөн биднээс огтхон ч хамааралгүйгээр болж буй ган, зудны аюул, аянга, цахилгаан гээд л байгалийн аймшигт үзэгдлүүд ар араасаа гарсаар л байна. (Азаар манай улсад цунами, хар салхи энэ тэр нь болохгүй юм даа),. Хэдийгээр биднээс хамааралгүйгээр болж буй мэт боловч, уг чанартаа та бид эх болсон байгальтайгаа зохисгүй харьцснаас л дээрх гамшигт үр дагварууд гарч байгаа талаар бид яриад л байдаг, яриад л байдаг. (Азоны давхарга цоорч, хойд туйлын мөс хайлж, хөөрхий цагаан баавгай нар устаж байгаа талаар бодоод, шаналаад байвал их юм бий,.)

Хэдийгээр энэ мэт сэтгэл зовоох олон юм байгаач Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг санан, иргэнийхээ үүргийг ухамсартайгаар биелүүлж , хийж бүтээе, бухимдахгүйг хичээе,. анд нараа:),.