Saturday, January 17, 2015

Дэлхийн түүхийг эргүүлсэн 100 эрхэм

“Дэлхийн түүхийг эргүүлсэн 100 эрхэм” номонд дурьдагдсан эдгээр суут хүн байгаагүй бол өнөөгийн ертөнц тэс ондоо байх байв. Энэ бол түүхийн тодорхой үед өөрсдийн үйл хэргээрээ нэрээ мөнхөлсөн агуу удирдагчид, суут ухаантнууд, эрдэмтэн мэргэд, шинийг санаачлагч, авьяаслаг зохион бүтээгчид, шашны тэргүүнүүдийн нэвтэрхий толь билээ. Тэдний томоохон амжилтуудыг он тооллын дэс дарааллаар өгүүлэхээс гадна хувийн амьдралынх нь сонирхолтой баримтуудыг дэлгэснээрээ эл ном онцлог юм. Бүх цаг үеийн баатруудын амьдралыг хөөн судлахдаа Та дэлхийн түүхийг өөрчилсөн бүтээлүүдтэй нь бас танилцах болно.

Thursday, January 19, 2012

Эрчүүд яагаад муу эмэгтэйтэй гэрлэдэг вэ?



Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ? номын хоёрдугаар хэсэг нь Эрчүүд яагаад муу эмэгтэйтэй гэрлэдэг вэ? нэртэйгээр орчуулагдан гарлаа. Та бүхэн таалан болгооно уу.


Эрчүүд гүнзгий харилцаанаас айдаггүй. Тэд бүсгүйчүүдийн л нэгэн адил хайр дурлалыг бас гэрлэлтийг хүсэж байдаг. Гэвч эр хүн гэрлэлтийг чин сэтгэлээсээ хүсэж мөрөөдөхийн тулд эхлээд “Энэ бүсгүйг эхнэрээ болговол гайхалтай байх болно доо” гэж бодох ёстой юм. Хэрвээ бүсгүй өөрөө “Бидний харилцаа цааш хэрхэхийг би мэдмээр байна. Би цагаа дэмий үрмээргүй байна...” гэж шаргуу шахаж, шалаад байвал эр хүн гэрлэлтэнд яарахгүй. Гэтэл бүсгүйчүүд маань энэ сэдвээр аяндаа ярьж эхэлдэг нь цагаа хэмнэх гэсэндээ л тэр гэж байгаа. Харамсалтай нь бодит байдал дээр чухам үүгээрээ залууг өөрөөсөө түлхдэг болохоо мэддэггүй. Харилцаагаа даруй гүнзгийрүүлж өөртэй нь гэрлэх ёстой гэж залуудаа тулгавал тэс өөр үр дүнд хүрдэг гэдгийг л бүсгүйчүүд маань ухаарах ёстой юм. Чухам үүний тулд би энэхүү номоо бүсгүйчүүддээ зориулж байгаа билээ.

Saturday, December 17, 2011

Цэцгэнд төөрсөн эрвээхэй







Нийслэл хотын маань ажлын өдөр эхэлдгээрээ эхэлж, үргэлжилдгээрээ үргэлжилсээр... Бараг өдөр бүр шахуу анд найзууд ажлаа таран уулзалдан, хаа сайгүй үдэш орой болтол ажиллах баар, цэнгээний газруудад суунгаа элдвийг ярин, алжаалаа тайлна. Тэд мэдээж өнөө нийгмийн хөдөлгөгч хүч болсон залуус. Сайхан ажил мэргэжил, сайн анд нөхөд бүгд тэдэнд бий. Тэдний дунд гэр бүлтэй хэсэг байхад, найз бүсгүйтэйгээ хамт амьдардаг зарим нь байна. Баарны бүүдгэр гэрэл, тамхины утаан дунд шинэхэн амрагийнхаа тухай хөөрөлдөх нэг байхад, хайр дурлалын адал явдал, олон учрал дундаа төөрчихсөн хөөрхий нь бас байх. Яг л өнөөх Цэцгэн дунд төөрсөн эрвээхэй гэдэг шиг...
Түүнийг гоонь эр гэнэ. Тэр мэдээж эхнэргүй, бас найз бүсгүйгүй ганц бие. Гэсэн ч тэр маш олон “найз” бүсгүйтэй. Үргэлж л хэн нэгэнтэй хамт явж, найзууддаа шинэ бүсгүйгээ танилцуулдаг түүний зарим будилуу найз бүсгүйчүүдийнх нь нэрийг хольж хутган, бөөн “азаарны” юм болно. Гэхдээ гоонь эр эхнэртэй болж, аз жаргалтай гэр бүлийн амьдралыг эхлүүлэхийг хүсдэг шүү. Үнэн... Хүн л юм болсон хойно тэр ганцаардна. Гэвч санаснаар болдоггүй хорвоо хойно. Яагаад ч юм шинэхэн хайртынх нь зэс бага багаар цухуйхад, өөрийгөө өөгүй өндөг хэмээн эндүүрсэн өнөөх залуу шинэ дурлалын эрэлд морддог юм. Тэгээд ч өнгө мөнгөний гэгддэг хорвоо шүү дээ. Түүний үнэтэй машин, хэтэвчний зузаанд татагдах бүсгүйчүүд захаасаа аваад мундахгүй олон...
Өнөө орой тэр ээлжит бүсгүйгээ найз нар дээрээ дагуулж ирсэн ч өнөөхийгөө удалгүй явуулж дөнгөв. Тэгж байтал гар утас нь дугарч, харилцуурын цаана өөр нэг бүсгүй гэртээ олон цагаар хүлээж буйгаа хэлэн бухимдах ажээ... Олон удаа утасны наана тайлбар тавьж, нааш цааш алхасан залуу уусан хатуу ундаанаасаа болоод нэлээд халж орхив. Одоо харин түүнд ёстой яасан ч яахав санагдах бөгөөд андууд уулзаж суусан газраасаа гаран гэр гэр лүүгээ харих үед тэрээр шөнийн клуб руу шинэ хүүхэнтэй танилцахаар явна...
Заяаны ханиа хайх түүнд сонголт их байх тусмаа л улам хэцүү болж эхэлнэ. Гадны хүний нүдээр түүний амьдрал үнэхээр жаргалтай. Гэвч мань гоонь эр жинхэнэ хайрыг хайсаар, сэтгэл дотроо гунигтай. Өөрийг нь тойрон хүрээлсэн бүсгүйчүүдийн чухам хэн нь түүнд хүнийх нь хувьд сайн байдгийг мэдэх сөхөө алга... Учир нь эрвээхэйн амьдрал үнэндээ тийм ч сайхан амьдрал биш гэнэ лээ. Тэгээд ч мань эр олон цэцэгсийг гомдоосон доо хөөрхий...
Зөвлөгөө: Хэрвээ чи эрвээхэй бол яг одоо тааралдсан нэг цэцгэн дээр суугаад, тэндээ үүрд үлдэхийг хичээ. Учир нь тэгж байж л чи минь зун цаг дуусахаас өмнө хань ижилтэй болж чадна. Буусан цэцгээ удаан ажиглаж харах юм бол хорвоод хосгүй тансаг болохыг нь ч олж мэднэ шүү. Харин чиний болзоот хүн цэцгэн дунд төөрчихсөн нэгэн мэт байгаа бол аль болох хурдан түүнээс сал. Учир нь тэр чамд хэзээ ч хань болохгүй. Хэрэв тэр чамд хайртай байсансан бол өөр нэгэнтэй нууцаар сээтэгнэхгүй, өрөөл бусдыг хайрын харцаар харахгүй байх байсан.

Thursday, September 1, 2011

Хан хүү минь болооч...



Нар мандсан ч, их хотын хөл үймээн эхлэх арай болоогүй зуны сүүл сарын энэ өглөө би эртлэн босоод, шинэхэн зассан зам дээгүүр ганцаараа давхиж явна. Шөнө орсон борооны ус хатаж амжаагүйн дээр гудамж цэв цэвэрхэн бас нам гүм.
Гагцхүү “Амьдрал гэдэг диваажин биш шүү дээ...” хэмээн үргэлжлэх дуу машин дотор намуухнаар эгшиглэнэ.
“...Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг
Учралт хоёр нь чи бид хоёр оо...”
Хашгирмаар... бас хачин их харууслаар цээж минь дүүрч, хөндүүрлэжээ.
Тийм ээ, учралт хоёр нь чи бид хоёр байсан. Чи бидний анх танилцсан хаврын тэр өдөр, анхны болзоо, үнсэлт гээд бүх юм сайхан байсан. Гэтэл... хавар цэцэглэж, зун дэлгэрсэн дурлал хайр минь намар болоход бас шаралж хатсан модны навчис шиг газар хөглөрөн унаж, хөлд гишгэгдэн хог болох юм гэж үү?!
Хайрт минь би чамдаа итгэж, хайраа өгсөн. Чи минь ч надад хайртай байсан. Гэтэл яагаад ч юм тэр итгэл одоо алдрах болж... энэ миний буруу юу? Яаж ч бололгүй, зүү орох зайгүй шахам байсан бидний гал халуун сэтгэлд томоос том цав гарсан мэт... Хагарсан аягыг хичнээн засаж янзлаад, наасан ч харагдах байдлаасаа авхуулаад нэг л тиймхэн бас хэсэг хугацааны дараа дотор нь хийсэн зүйл гоожоод байх болно гэж бодохоор... гомдмоор... Чинийхээ хайртай бүсгүй байхын тулд, чамайгаа ойлгох гэж би хичээгээгүй биш харин ч их хичээсэн шүү дээ. Чи минь ч бас шаналсан. Гэтэл хонгор минь, хамтын амьрал чинь ингэж эхэлдэг гэж үү? Болохгүй байна... бүтэхгүй байна... миний бодсон хүн чи биш байна хэмээн өөртөө бас чамдаа хэлээд салж одох нь хэр оновчтой зүйл бол? Эсвэл бид ертөнц тэр чигээрээ хатуу ширүүн тэмцэлтэй байдгийг мартчихаад... бас аливаа зүйлд тэвчээртэй хандах ухаан надад дутаад байгаа нь энэ үү? Чамаасаа ингээд явчихая гэхээр л... нүдэнд минь нулимс бүрэлзнэ. Тэгээд ч бидний үл ойлголцолд миний буруу 50% байсан болохоор чамайг өрөвдөж, өөрийгөө би зэмлэх юм.
Гэсэн ч амрагаа би алдмааргүй байна. Хорвоо өөрөө урд минь жирийх энэ зам шиг дардан биш болохоор энхэл догол дунд нь чи бид хоёр бага зэрэг бүдчээ л биз. Тэглээ гээд би чамаасаа холдмооргүй байна. Миний зохиосон үлгэрт гардаг, алс холын цайзаас намайг аврах цагаан морьтой хан хүү минь чи биш байсны нэгэн адил чинийхээ мөрөөдлийн гүнж шиг байгаагүй гэдгээ би мэднэ. Гэвч төгс амьдралыг мөрөөдсөн энэ зүүд нойрноосоо би сэрэхийг хүснэ. Хайрт минь, харин чи хүсэж байна уу? Орчлонгийн түмэн нугчаан дунд сөхрөлгүй, надтай үүрд хамт байж, бүхнийг хайраараа даван туулах зориг чамд минь бий юу? гэж асуухаар чам руугаа би яаран залгалъя. Хайраа, утсаа аваарай...




Thursday, March 24, 2011

Номын хэсгээс...



… Харин эр хүнтэй уулзах гэж хамаг юмаа орхин гүйдэг бүсгүйг юу хүлээж байдаг вэ? Залуу нь түүнтэй хүссэнээрээ харьцаж болно гэдгийг мэддэг. Хэдхэн болзооны дараа тэрээр найзуудтайгаа гадуур гарахыг илүүд үзнэ. Тэгээд шөнө дундын үед гэртээ ирчихээд, бүсгүй рүү утасдах нь ойлгомжтой. Бүсгүй үүнийг л хүлээж байсан болохоор харилцуураа тавьсан уу, үгүй юу залуугийнх руу яаран явна. Шөнө дунд эр хүнтэй уулзах гэж яаравчлан яваа бүсгүйд машин дээрээ ГЭРТ НЬ ХҮРГЭЖ ӨГӨХ ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн бичиг хадах л дутаж байгаа юм.

Сэтгэл татах гуравдугаар дүрэм
Бүсгүй өөрийнх нь болоогүйн хэрээр эр хүний сонирхол түүнд татагдаж байдаг.

Tүүнтэй цагийг хэрхэн өнгөрөөж байгаа чинь маш чухал. Сайн охин нэг залуутай танилцаад долоо хоног өнгөрөхөд л буйдан дээрээ уйдаад сууж байдаг. Гэтэл энэ хооронд залуу нь дуртай зүйлээ хийж л байх болно.
Хөл бөмбөгийн тэмцээн үзэн, загасны уурга, дэгээгээ цэвэрлэж, эсвэл машинаа засаж байна. Гитараа хөглөж байж ч магадгүй. Харин бүсгүй аз жаргалгүй байх болно. Гэхдээ тэрийгээ хэлэхгүй. Зөвхөн тэр залуутай хамт байхын тулд өөрт нь таалагддахгүй юм гарсан ч сайн эмэгтэй инээмсэглээд л сууж байдаг.
Муу эмэгтэй харин үүнээс тэс ондоо зан гаргана. Өөрт нь таалагдахгүй л бол тэр тухай үгээр хэлээд зогсохгүй үйлдлээрээ харуулна. Энэ нь тийм ч муу зүйл биш юм. Үүний ачаар залуу нь түүнийг өөрийнхөөрөө байлгаж чадахгүй болохоо ойлгоно. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Эр хүний сонирхлыг татна гэдэг нь хурц, ширүүн үгээр түүн рүү дайр гэсэн үг огтхон ч биш шүү...
... Муу эмэгтэй бол гэртээ суугаад, эр хүнийг өөртөө татах гэж хамаг хүчээ шавхдаг бүсгүй биш. Тэрээр залуу нь түүнтэй хамт байгаадаа баяртай байх ёстой учир өөртөө л анхаарал тавих хэрэгтэй гэдгийг сайн мэддэг. Залуу нь түүнд өөрийгөө онцгой хүн гэдгээ харуулах хүртэл энэ л байхад хангалттай.
Түүнтэй дөнгөж танилцсан бол маш хянуур бай. Тэгээд нэг зүйлийг сайн санаж ав. Хэрвээ та хоёр танилцаад удаагүй, ёстой л салж хагацахааргүй байх учиртай энэ үед тэр чамд таалагдах гэж хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа бол ирээдүйд түүнээс ямар ч сайхан зүйл хүлээх хэрэггүй гэсэн үг. Мөн түүний гаргаж буй зан авир нь чиний үнэ цэнэтэй огтхон ч хамаагүй зүйл гэдгийг санаарай. Зөвхөн түүнийг ямаршуухан залуу болохыг нь л харуулж байгаа хэрэг.
Гэхдээ бас чиний байгаа байдалтай ч холбоотой байж болох юм. Чи хэрээс хэтэртэл хичээгээд байна уу? Уг нь чамд зориулах маш их энерги, эрч хүч залууд чинь байгаад байдаг. Гэтэл чи түүнд өөрийгөө илэрхийлэх ямар ч боломж өгөхгүй байна шүү дээ. Тэгэхээр хөөрхий залууд хойш ухрахаас өөр зам үлдээгүй болж таарна...
... Яг үнэндээ бол тэр албаар, ямар хариу үйлдэл үзүүлэхийг чинь харахын тулд л чам руу утасдахгүй уддаг. Үүнд чиний дургүй байгаа эсэхийг мэдэхэд маш хялбархан. Энэ харилцаа нь бүсгүйн хувьд хэр зэрэг чухал болохыг мэдэхийн тулд эр хүн бага зэрэг алгуурладаг. Тийм учраас эрчүүд яагаад утасддаггүй болохыг тайлбарласан өнгөт сэтгүүлүүдийг зүгээр л мартах хэрэгтэй юм.

Сэтгэл татах дөрөвдүгээр дүрэм
Заримдаа эр хүн чиний хандлагыг мэдэхийн тулд албаар утасдахгүй уддаг.

Эр хүн байгалиасаа л аливаа зүйлийн хөрс суурийг бас өөрийн боломжийг шалгаж үзэхийг хүсдэг. Тиймдээ ч тэд харилцаандаа алгуурлах алхмыг хийх дуртай байдаг. “Хайрт минь, би өөрийнхөө хаана байгааг итгэл төгс мэдмээр байна” гэж тэдний хэн нь ч, хэзээ ч хэлэхгүй. Харин түүний оронд ямар үйлдлээр хариу барихыг чинь тэрээр хойд талын суудлаас ажиглаж байх болно. Чи сэтгэл хөдлөлөөр хандах аваас өнөөх залуу өөрийгөө нөхцөл байдлыг гартаа атгасан гэж ойлгоно гээч. Хэрвээ чи маш ойрхон зайтайгаар сэтгэл хөдлөлөө гаргаад байвал чиний төлөө тийм ч их хүч гаргах хэрэггүй юм байна гэсэн дүгнэлтэнд тэр хүрэх болно... (Үргэлжлэл дараагийн дугаарт)