Saturday, December 17, 2011

Цэцгэнд төөрсөн эрвээхэй







Нийслэл хотын маань ажлын өдөр эхэлдгээрээ эхэлж, үргэлжилдгээрээ үргэлжилсээр... Бараг өдөр бүр шахуу анд найзууд ажлаа таран уулзалдан, хаа сайгүй үдэш орой болтол ажиллах баар, цэнгээний газруудад суунгаа элдвийг ярин, алжаалаа тайлна. Тэд мэдээж өнөө нийгмийн хөдөлгөгч хүч болсон залуус. Сайхан ажил мэргэжил, сайн анд нөхөд бүгд тэдэнд бий. Тэдний дунд гэр бүлтэй хэсэг байхад, найз бүсгүйтэйгээ хамт амьдардаг зарим нь байна. Баарны бүүдгэр гэрэл, тамхины утаан дунд шинэхэн амрагийнхаа тухай хөөрөлдөх нэг байхад, хайр дурлалын адал явдал, олон учрал дундаа төөрчихсөн хөөрхий нь бас байх. Яг л өнөөх Цэцгэн дунд төөрсөн эрвээхэй гэдэг шиг...
Түүнийг гоонь эр гэнэ. Тэр мэдээж эхнэргүй, бас найз бүсгүйгүй ганц бие. Гэсэн ч тэр маш олон “найз” бүсгүйтэй. Үргэлж л хэн нэгэнтэй хамт явж, найзууддаа шинэ бүсгүйгээ танилцуулдаг түүний зарим будилуу найз бүсгүйчүүдийнх нь нэрийг хольж хутган, бөөн “азаарны” юм болно. Гэхдээ гоонь эр эхнэртэй болж, аз жаргалтай гэр бүлийн амьдралыг эхлүүлэхийг хүсдэг шүү. Үнэн... Хүн л юм болсон хойно тэр ганцаардна. Гэвч санаснаар болдоггүй хорвоо хойно. Яагаад ч юм шинэхэн хайртынх нь зэс бага багаар цухуйхад, өөрийгөө өөгүй өндөг хэмээн эндүүрсэн өнөөх залуу шинэ дурлалын эрэлд морддог юм. Тэгээд ч өнгө мөнгөний гэгддэг хорвоо шүү дээ. Түүний үнэтэй машин, хэтэвчний зузаанд татагдах бүсгүйчүүд захаасаа аваад мундахгүй олон...
Өнөө орой тэр ээлжит бүсгүйгээ найз нар дээрээ дагуулж ирсэн ч өнөөхийгөө удалгүй явуулж дөнгөв. Тэгж байтал гар утас нь дугарч, харилцуурын цаана өөр нэг бүсгүй гэртээ олон цагаар хүлээж буйгаа хэлэн бухимдах ажээ... Олон удаа утасны наана тайлбар тавьж, нааш цааш алхасан залуу уусан хатуу ундаанаасаа болоод нэлээд халж орхив. Одоо харин түүнд ёстой яасан ч яахав санагдах бөгөөд андууд уулзаж суусан газраасаа гаран гэр гэр лүүгээ харих үед тэрээр шөнийн клуб руу шинэ хүүхэнтэй танилцахаар явна...
Заяаны ханиа хайх түүнд сонголт их байх тусмаа л улам хэцүү болж эхэлнэ. Гадны хүний нүдээр түүний амьдрал үнэхээр жаргалтай. Гэвч мань гоонь эр жинхэнэ хайрыг хайсаар, сэтгэл дотроо гунигтай. Өөрийг нь тойрон хүрээлсэн бүсгүйчүүдийн чухам хэн нь түүнд хүнийх нь хувьд сайн байдгийг мэдэх сөхөө алга... Учир нь эрвээхэйн амьдрал үнэндээ тийм ч сайхан амьдрал биш гэнэ лээ. Тэгээд ч мань эр олон цэцэгсийг гомдоосон доо хөөрхий...
Зөвлөгөө: Хэрвээ чи эрвээхэй бол яг одоо тааралдсан нэг цэцгэн дээр суугаад, тэндээ үүрд үлдэхийг хичээ. Учир нь тэгж байж л чи минь зун цаг дуусахаас өмнө хань ижилтэй болж чадна. Буусан цэцгээ удаан ажиглаж харах юм бол хорвоод хосгүй тансаг болохыг нь ч олж мэднэ шүү. Харин чиний болзоот хүн цэцгэн дунд төөрчихсөн нэгэн мэт байгаа бол аль болох хурдан түүнээс сал. Учир нь тэр чамд хэзээ ч хань болохгүй. Хэрэв тэр чамд хайртай байсансан бол өөр нэгэнтэй нууцаар сээтэгнэхгүй, өрөөл бусдыг хайрын харцаар харахгүй байх байсан.

No comments: