Friday, November 21, 2008

Үргэлжлэл бий...


Өнөөдөр сонины саяхны нэг дугаар дээр гарсан Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төвийн тухай нилээн шуугаан тарисан нийтлэлээс хойш гэнэт юу болов гэмээр манай улсын эрүүл мэндийн салбарынханыг тойрсон нийтлэл, нэвтрүүлэг, санал сэтгэгдэл олноор гарч нийгэм даяараа л шуугаж байх шиг байна. Дээрх нийтлэлийг хэд хоногийн өмнө хэрэгт дурлан байж уншлаа. Миний хувьд бичлэг нь их таалагдсан. Чухамдаа сэтгүүлч хүн нийгэмд болж бүтэхгүй байгаа юмны тухай зоригтой дугарч, нийгмийг сэрээж байх үүрэгтэй гэж би боддог. Өнөө цагт манайд түгээмэл болсон эл асуудлын талаар бичсэн сэтгүүлч Ш.Даваадоржид баяр хүргэж, талархалаа илэрхийлэе. Мэдээж салбарын сайдаасаа авахуулаад холбогдох дарга нар нь энэ асуудлын талаар тодорхой арга хэмжээ авах байлгүй дээ.

Үнэхээр өнөөдөр манай зарим нэг эмнэлэгүүдэд (тэр дундаа төрөх эмнэлэгүүдэд) мөнгөгүй л бол эмчдээ бүрэн дүүрэн итгэхэд хүндрэлтэй болсон нь нэгэнт нууц биш болжээ. Зах зээлийн энэ ороо бусгай цагт мөнгө гээч эд, өмссөн халаад шигээ ариун байх ёстой тэдгээр эмч нарын маань өвчтөндөө хандах сэтгэлд толбо үүсгээд байгаа нь их харамсалтай ч манай эмч нар бүгдээрээ тийм ёс суртахууны доголдолд орчихсон гэдэгтэй би огтхон ч санал нийлэхгүй.Учир нь миний бие бээр эмч хүнд гүн хүндэтгэлтэй ханддаг нэгэн. Яагаад гэвэл харинч манай монгол эмч нар хүнд нөхцөлд бусдын эрүүл энхийн төлөө, өдөр шөнөгүй, нойр хоолоо хасан байж ажилладаг гэдгийг би мэднэ...

Өнөөдөр эмч нар маань хүнд хэлэхээс ч ичмээр цалин авч түүгээрээ ар гэрээ болгож, маш их ачаалал, стрессэн дунд ажиллаж байна. Яахав төрөөс эрүүл мэндийнхээ салбарт чадлаараа л туслаж байх шиг байгаа юм л даа. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж л байгаа юм байна лээ. Гэхдээ л бүрэн гүйцэд өнөөх нь шинчлэгдэж өгөхгүй л байна. Арга ч үгүй байх л даа. Зөвхөн эрүүл мэндийн салбарт өнөөдөр шинэчлэл шаардагдаад байгаа юм биш. Нийтийн тээврээс авахуулаад, бидний амар тайван байдлын төлөө халуунд халж, хүйтэнд хөрөн манаанд гарч байдаг цагдаа нарын маань амьдралч өнөөдөр хэцүү л байна. Энэ мэтээр хэцүү болгоныг дурдиад байвал дуусахгүй нь ойлгомжтой.

Хамгийн гол нь бид энэ төр болохгүй байна гэж улс төржихөөсөө өмнө яавал энэ асуудлуудыг шийдэж болох талаар өөрийн мэргэн ухаанаа уралдуулж, зөвхөн өөрийнхөө тусын тулд биш бусдын сайн сайхны төлөө, цаашлаад улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө юм хийх цаг нэгэнт болжээ. Залуусаа...

No comments: