Thursday, September 1, 2011

Хан хүү минь болооч...



Нар мандсан ч, их хотын хөл үймээн эхлэх арай болоогүй зуны сүүл сарын энэ өглөө би эртлэн босоод, шинэхэн зассан зам дээгүүр ганцаараа давхиж явна. Шөнө орсон борооны ус хатаж амжаагүйн дээр гудамж цэв цэвэрхэн бас нам гүм.
Гагцхүү “Амьдрал гэдэг диваажин биш шүү дээ...” хэмээн үргэлжлэх дуу машин дотор намуухнаар эгшиглэнэ.
“...Орчлон хорвоо дээр бүтэхгүй зүйл гэж байдаг
Хагацахгүй хосууд учрахгүй хоёр гэж байдаг
Учралт хоёр нь чи бид хоёр оо...”
Хашгирмаар... бас хачин их харууслаар цээж минь дүүрч, хөндүүрлэжээ.
Тийм ээ, учралт хоёр нь чи бид хоёр байсан. Чи бидний анх танилцсан хаврын тэр өдөр, анхны болзоо, үнсэлт гээд бүх юм сайхан байсан. Гэтэл... хавар цэцэглэж, зун дэлгэрсэн дурлал хайр минь намар болоход бас шаралж хатсан модны навчис шиг газар хөглөрөн унаж, хөлд гишгэгдэн хог болох юм гэж үү?!
Хайрт минь би чамдаа итгэж, хайраа өгсөн. Чи минь ч надад хайртай байсан. Гэтэл яагаад ч юм тэр итгэл одоо алдрах болж... энэ миний буруу юу? Яаж ч бололгүй, зүү орох зайгүй шахам байсан бидний гал халуун сэтгэлд томоос том цав гарсан мэт... Хагарсан аягыг хичнээн засаж янзлаад, наасан ч харагдах байдлаасаа авхуулаад нэг л тиймхэн бас хэсэг хугацааны дараа дотор нь хийсэн зүйл гоожоод байх болно гэж бодохоор... гомдмоор... Чинийхээ хайртай бүсгүй байхын тулд, чамайгаа ойлгох гэж би хичээгээгүй биш харин ч их хичээсэн шүү дээ. Чи минь ч бас шаналсан. Гэтэл хонгор минь, хамтын амьрал чинь ингэж эхэлдэг гэж үү? Болохгүй байна... бүтэхгүй байна... миний бодсон хүн чи биш байна хэмээн өөртөө бас чамдаа хэлээд салж одох нь хэр оновчтой зүйл бол? Эсвэл бид ертөнц тэр чигээрээ хатуу ширүүн тэмцэлтэй байдгийг мартчихаад... бас аливаа зүйлд тэвчээртэй хандах ухаан надад дутаад байгаа нь энэ үү? Чамаасаа ингээд явчихая гэхээр л... нүдэнд минь нулимс бүрэлзнэ. Тэгээд ч бидний үл ойлголцолд миний буруу 50% байсан болохоор чамайг өрөвдөж, өөрийгөө би зэмлэх юм.
Гэсэн ч амрагаа би алдмааргүй байна. Хорвоо өөрөө урд минь жирийх энэ зам шиг дардан биш болохоор энхэл догол дунд нь чи бид хоёр бага зэрэг бүдчээ л биз. Тэглээ гээд би чамаасаа холдмооргүй байна. Миний зохиосон үлгэрт гардаг, алс холын цайзаас намайг аврах цагаан морьтой хан хүү минь чи биш байсны нэгэн адил чинийхээ мөрөөдлийн гүнж шиг байгаагүй гэдгээ би мэднэ. Гэвч төгс амьдралыг мөрөөдсөн энэ зүүд нойрноосоо би сэрэхийг хүснэ. Хайрт минь, харин чи хүсэж байна уу? Орчлонгийн түмэн нугчаан дунд сөхрөлгүй, надтай үүрд хамт байж, бүхнийг хайраараа даван туулах зориг чамд минь бий юу? гэж асуухаар чам руугаа би яаран залгалъя. Хайраа, утсаа аваарай...