Friday, November 13, 2009

Б.Явуухулан "Вансэмбэрүү цэцэг"

Аглагхан ойн зах сийрээд
Орой нь халзрах уулын тагт
Ариухан горхины эх шургаад
Авиа нь тасрах асганы шилд
Төөлөөд үзвэл бие чацуу
Тоолоод үзвэс нас чацуу
Үзэсгэлэнт хоёр вансэмбэрүү
Үүд хоймрын зайтай ургажээ
Үр тоосоо хүртдэг хэрнээ
Үдшийн бүрийгээр бараагаа алдаж
Үүд хойморын зайтай хэрнээ
Үүрийн туяанаар биесээ үзэж
Илбийн юм шиг хосгүй сонин
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хоёр цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ
Торомгор хөөрхөн хоёр ботго
Тоглож нэгийгээ хөөж явах шиг
Тоорцог өмссөн хоёр хүүхэд
Тойрон бүжиг хийж байх шиг
Үзэх бүрий өөр үзэгдэж
Үүлгүй тэнгэр дээр нь цэлийх юм
Харах бүрий сонин харагдаж
Хавь орчим нь нам гүм байх юм
Дэгдэж ирсэн хээрийн салхи ч
Дэргэд нь ирээд намддаг болов уу
Хангайн дэгжин буга согоо ч
Хажууд нь гайхан зогсдог болов уу?
Уранхан цоморлигийг нь илээд үзвэл
Унаганы уруул шиг зөөлхөн байлаа
Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл
Хүүгийн минь зулай шиг бүлээхэн байлаа
Өвөг дээдэс минь энэ цэцгийг
Өнө эртэд олсон гэнэм
Алжаасан бие эдгээдэг чадлыг нь
Аль хэзээнээс мэдсэн гэнэм
Тэгээд энэ вансэмбэрүүг
Тэнгэрийн цэцэг гэж нэрлэсэн гэнэм
Ахар бодолтон сүйтгэчих вий гэж
Айлгах домог зохиосон гэнэм
Үүлэн нүүдэл өехийгөө зүсдэг
Үзүүрт модон ургаагүй хярд
Зуны бороо мөндрөөрөө унадаг
Зуурам хөлдүү хангайн царманд
Хосоор ургадаг вансэмбэрүү
Хорвоогийн нэгэн гайхамшиг байна
Хорвоогийн амьдрал хөлдүү царманд
Хосын хүчинд амилдаг байна!

МУГЖ Дуламсүрэнгийн дуулсан "Вансэмбэрүү цэцэг" (Энэ дууг сонсох бүрийд хайртай ээжийгээ би санадаг.)


Торго шиг зөөлөн дэлбээтэй
Тоос буудаггүй Вансэмбэрүү цэцгийг
Учран харвал мөнхөрнө гэдэг
Урьдын үг үнэн болов уу
Тэгвэл би тэр сайхан Вансэмбэрүү цэцгийг
Тэртээ уулын оройд байвал
Ээжийгээ би үүрээд
Энэхэн насандаа очих байлаа

Төөлвөл бие чацуу тоолвол нас чацуу
Хосоор ургадаг Вансэрбэрүү үүд хоймрын зайтай ургажээ
Илбийн юм шиг хосгүй сайхан
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хос цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ

Sunday, November 1, 2009

Үүрдийн хайр уу? Зуурдын хайр уу?



...Анхны үнсэлт хайр гээд Аз жаргал дүүрэн байсан Гэвч одоо бүх юм өөр... хэмээн үргэлжилэх нэгэн дууг би "тэр" дурлал хайр гэж юу байдгийг мэддэггүй гэнэн залуу насандаа сонсох их л дуртай байсан аа саналаа. Тэр үеээс хойш нэлээд олон жил өнгөрч. Би ч магадгүй энэ хугацаанд хайрлаж, дурлаж үзсэн л байж таарах байх... Гэхдээ энэ удаа өөрийнхөө тухай биш харин сүүлийн үед их бодох болсон зүйлээ бичиж үлдээмээр санагдлаа.

Бид бүр бага байхын хайр сэтгэл гэхээр л нэг огт хувирч өөрчлөгддөггүй зүйл гэж итгэж ирж л дээ. Хүүхэд байхдаа үзэсгэлэнт гүнж, хан хүү хоёрын сэтгэл уярам хайрын тухай үлгэрийг сонсоно. Арай том болоод аав ээжтэйгээ кино үзэх болно, хайр дурлалын ч кино бай, хайр дурлалын биш ч бай ялгаагүй гол дүрийн эрэгтэй эмэгтэй хоёр бие биеээ олж, ойлгож ихэнх нь HAPPY END-р дуусна. Харин цаашаа тэдний амьдрал үргэлж HAPPY байх болов уу... Мэдээж амьдрал л юм чинь хар цагаантай байна байх. Тэгвэл хайр дурлал нь бас хар цагаантай байх болов уу?

Шинэхэн хуримаа хийж буй хосуудад бүгд л аз жаргалтай амьдрахыг ерөөнө. Жаргал зовлонг хамтдаа үүрэлцэнэ гэж хоорондоо тангараг өргөн гэрлэсэн хосууд маань хайр сэтгэлийнхээ хувьд ч бас дандаа хамт байх ёстой юм шиг ээ. Нэгэнт л шийдвэр гаргасан бол шүү дээ. Юу гэх гээд байна вэ гэхээр... Хайр их олон үе шаттай байдаг гэж хүмүүс яриад байдаг. Яг л тэр хайрын бүх үе шатандаа бие биенийгээ ойлгож, харилцан буулт хийн амьдралаа авч явах ёстой юм шиг байгаа юм. Хайр нь бүр хөрчихсөн байлаа ч гэсэн ялгаагүй. Бүр тодруулвал, эхнэр нөхрийн хэн нэг нь хайраасаа урваж өрөөл бусдад сэтгэл алдарсан үе ирлээ гэвэл хамтдаа бүтээсэн амьдрал, хайрладаг бүхнээ бодоод жаахан харах хэрэгтэй байдаг гэнэ. Ер нь бол гэр бүлийн ийм хямралын үед уужуу тайвуу, ухаалаг байсан нь л хождог гээд байгаа. Мэдээж хэцүү л дээ... Гэхдээ амьдрал өөрөө амархан гэж хэн хэлээд байгай юм бэ?.

Нэгэнт насан туршдаа хамт байна гээд хуримаа хийсэн хүмүүс хүртэл өөр хэн нэгэнд дурлаад байхад... Амьдрал чинь өөрөө их сонин болохоор, хүн хэнд хэзээ сэтгэл алдрахаа яаж мэдэх билээ... Тэр нь үүрдийнх биш зуурдынх байна гэдгийг ч ер нь хэн бидэнд хэлээд өгөх вэ дээ.,

Нэг найз маань сүйт залуутай байлаа. Багагүй хугацаанд хамт байсан найз залуу нь түүнд хуримын санал тавьж, найз маань хорвоо дэлхий дээрх хамгийн аз жаргалтай бүсгүй болоод байсан үеийг би их сайн санаж байна. Охид бүр л түүн шиг сүйт бүсгүй болон, сүйн бөгж зүүгээд л, энэ тэнүүгээр гүйж хуримын даашинзаа сонгохыг мөрөөддөггүй гэж үү дээ. Гэтэл хурим болохоос хэдхэн долоо хоногийн өмнө "Биш байж" -хурим хийж чадахгүй нь гэж сүйт залуу нь хэлнэ гэж бидний хэн нь ч бодоогүй байлаа. Найзад маань үнэхээр хэцүү байсан байж таараа. Гэхдээ бодоод байхад би тэр үед найзыгаа тийм ч сайн ойлгоогүй юм шиг байгаа юм. Саяхан би тэр найзтайгаа олон жилийн дараа ахин уулзлаа. Мэдээж миний үеийн бүсгүйчүүд уулзахаараа юу ярих билээ:) ...залуугийн тухай яриа гарна... Бүтээгүй хуримын тухай ч яриа өрнөсөн. Одоо л би тэр үед найзад маань ямар хүнд байсан бол гэдгийг ойлгож байх шиг байна. Нэг хүнтэй насан туршдаа амьдрана гээд бүх юм төлөвлөгдсөн, бүх юм болж байна бүтэж байна гээд баярлаад яваад байдаг. Гэтэл нэг л өдөр хайртай хүн чинь - чи биш байна, уучлаарай гэвэл яах вэ?. Ёстой нөгөө хорвоо дэлхий цөмрөх шиг л болно биз дээ. Гэтэл бас цаад хүнд нь ч тэр бүхэн амаргүй байх нь ойлгомжтой. Яахаа алдсан хүн чанаргүй амьтан биш л бол шүү дээ. "Хүнд хаягдах биш, хаях л хамгийн хэцүү" гэж саяхан өөр нэг найз маань хэлж байсан санагдана. Ер нь бол хэцүү л дээ. Энэ үед хэнийг буруутгаж, хэнийг үзэн ядах ёстой гэж?
Өнөөдөр найз маань - тэр үед тийм юм болсон нь эргээд бодоход харин ч сайн зүйл болсон гэж хэлж байна. Найзад маань хорвоо өөрийнхөө шинэ нүүр төрхийг харуулсан хэрэг шүү дээ. Хамгийн хайртай хүн чинь чамайг хаяад явсан ч амьдрал дуусдаггүй, сайн сайхан бүхэн урд чинь байдаг шүү гэдгийн тод жишээг би найзыгаа гэж хэлнэ. Тухайн үеийн сүйт залуу нь өнөөдөр эхнэр аваад хол газар сайхан амьдарч байгаа сурагтай. Тухайн үед тэр залуу өөр хэн нэгэнд, магадгүй одоогийн эхнэртээ сэтгэл татагдсан учраас найзтай маань суухаас татгалзсан юм болов уу? Тэрийг ёстой би таашгүй ч, их сонин юм аа л гэж бодох юм даа.

Би хайрыг хуурамч гэх гээгүй. Хайрыг эхлэдэг шигээ дуусдаг байх л гэх гэсэн юм. Магадгүй хэн нэгэн нь хайр бол мөнх, дурлал бол түр зуурынх ч гэх байх. Тэгвэл өөрийн хайртай байж өрөөлийг хайрлаад байдаг хүмүүсийг яах уу? Хэн нэгэн хүнд хайртай болно гэдэг, ахиад хэзээ ч өөр хүнийг хайрлахгүй гэсэн үг гэж үү? Зүгээр л ер нь энэ хорвоо дээр мөнх юм гэж байхгүй гэж бодож явах нь илүү хялбар биш үү?