Monday, August 24, 2009

Миний нутаг




Хэнтий Хангай Саяаны өндөр сайхан нуруунууд

Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд

Минэн Шарга Номины өргөн их говиуд

Өмнө зүгийн маналай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон...




Зуны дэлгэр цагт миний бие бээр малгайнхаа утааг сэргээсэн шиг сэргээж бүтэн нэг сарын турш эх орныхоо үзэсгэлэнт газруудын нэгээхэн хэсгээр, хэсэг хүмүүсийн хамт аялалаа. Энэ жил ихэнх аймгуудын нутгаар зуншлаг сайхан болж байгаа юм байна. Бидний аялалын эхний зогсоол Амарбаясгалантын хийд байлаа. Энд би яг есөн жилийн өмнө очиж байсан санагдана. Тэр үеийг бодвол хийдийн эргэн тойронд жуулчны бааз олноороо баригдаж, басхүү гадаад, дотоодын жуулчдын хөл тасардаггүй болсон харагдаж байна лээ. Хийдэд хурал хурж, даллага авч байхтай нь таарсан болохоор бид өөрсдийгөө их л аз хиймортой яваа хүмүүс юм байна гэж баясцгааж байлаа. Наадам болоход арав хүрэхгүй хоног үлдсэн байсан болохоор ч тэрүү, замдаа бид морио хөлслүүлж байгаа хүмүүстэй л их таарч байсан шүү.

Тэндээсээ бид Эрдэнэт хотруу жолоогоо залсан. Замын хажуугаар ярайх 6000 вольтын өндөр хүчдлийн шугмуудыг би анх бага ангийн бяцхан сурагч байхдаа номноос олж мэдэж байсан санагдана. Тийм болохоор ч тэрүү энэ шугмууд надад том хот, түүнд амьдардаг гоё хүмүүсийн тухай төсөөллийг үргэлж авчирдаг юм. Орхон, Булган аймгийн нутаг тэр чигээрэй ногоон өвсөн дунд байна лээ. Харин хар ялаа л дэндүү ихтэй юм. Түүнээс биш ч байгалийн өнгө нүдний өмнө янз янзаар өөрчлөгдөн, замын биднийг огтхон ч уйдаагаагүй шүү. Ер нь бид хэд аяласан шиг аялаж хаана л сонин содон юм харагдана тэнд зогсож бичлэг хийн, зураг дарж явсан. Энэхүү зогсоолууд урт аяны бидэнд бас жааханч болов амралт болж байлаа. Харин Булганы нутгаас гараад Хөвсгөлийн нутагруу ороод ирэхээр гэв гэнэт өнөө их өвс ногоо, ой мод тачирхан болоод явчихдаг юм байна. Өнөө сайхан Швейцар хаана байна аа л гэмээр болдог юм байна лээ шүү. Харин ч тэмээн сүрэг бэлчээд, уулс нь холдоод ирэх юм. Мөрөн хот бол ерөнхийдөө тал дээр байдаг юм байна. Мөрөнгөөсөө далайруу бид хойд зүгрүү чиглэн гарлаа. Хөвсгөлчүүд далай ээжийгээ нэрээр нь хэлдэггүй юм байна. Анхнаасаа л бидний нүүдэлчин өвөг дээдс маань нутаг орныхоо уул, усны нэрийг цээрлэж хажууд нь хэлдэггүй байж л дээ. Учир нь нүүдэлчин ард түмний ахуй амьдрал таван хошуу малтайгаа салашгүй холбоотойн дээр байгалиасаа шууд хамааралтай. Тиймдээ ч тэд баян хангайдаа залбирч, нутаг усаа аргадан түүнийхээ хүчинд ч сэтгэл амар тайван амьдарсаар ирсэн байж таараа. Ер нь хотынхон бид л Богд уул, Туул гол гээд л зоригтой хэлээд байдаг юм биш үү... Арга ч үгүй биздээ. Бидэнд хариулах мал сүрэг гэж байх биш. Бороо, цас орж, зуд, үер болох бидэнд хамаагүй юм чинь. Үхэр мал маань хорогдчихно, ийш тийшээ явчихна гэсэн айдас бидэнд байхгүй. Хотын бид өнөөх л нүүдэлчин заншлаасаа холдоод байгаагийн л нэг илрэл энэ юм болов уу? даа гэсэн шүү юм бодож явлаа.


Бид сайхан Монгол орноороо бахархадаг. Үнэхээр ч бахархахгүй байхын аргагүй юм. Машины цонхоны цаана байгаль дэлхийн өнгө тоолж барамгүй олноор солигдон жирэлзэж, тэр болгондоо бидний гайхлыг үнэхээр төрүүлж байсныг энд тэмдэглэх нь зөв болов уу. Магадгүй би хэт их сэтгэлийн хөөрөл гарган, жирийн зургийг ч өнгөтэй болгон бичиж байж болох юм. Гэхдээ л та миний юун тухай бичиж байгааг ойлгож байгаа байх...

Нуурын зах, түүн дээр зогсох Сүхбаатар хөлөг онгоцыг эс тооцвол Хатгал сум бусад сумдаас ялгагдах юмгүй жирийн л нэг сум шиг надад санагдсан. Харин аргагүй л ой ихтэй газар гэсэн шиг хаа сайгүй модон байшин ярайж байна лээ. Хатгал сумаас хориод километр яваад Жанхайн амралтанд очино. Энд л Монголын Швейцар гэдэг үгний учрыг ойлгосон. Биднийг байхад зөөлөн бороо зогсолтгүй орж, нуурын дээгүүр манантай, үзэгдэх байдал муу байсан ч нуурын эргээр бид мориор зугаалж амжсан шүү. Надтай явсан дөрөв маань морь анх удаа унах гэж байгаа... айж байна... яана... гээд л нилээд удсан. Би ч анх удаа морь унах гэж байсан болохоор бага зэрэг айж байснаа нуух юун. Гэхдээ л Монгол хүн байж морь унаж чадахгүй байна гэж юу байх вэ, чадна, сурна гэж өөрийгөө зоригжуулж байлаа.хэхэ. Морьдын эзэд ч бас надад -"чи Монгол хүн юм чинь чамд арай гайгүй явдаг морийг нь өгнө өө" гэж байсан. Учир юунд вэ гэхээр жуулчдад унуулдаг морьд морь унаж чаддаггүй хүмүүстэй явсаар байгаад, номхон бас хөөрхөн хашин байдаг юм байна лээ. Бидний зарим морьд ч гэсэн явах тун дургүй байгаагаа замын турш илэрхийлсээр л байсан. Харин гэрлүүгээ харьж байгаагаа мэдэх юм бол ч хурдалдаг юм байна лээ шүү. Миний унасан морь их сайн морь байсан. Нэг гэм нь хажууд хүн "-чүү" гэхээр хурдлах гээд, намайгаа жаахан айлгаад байдаг байсан болохоос биш.


Хөвсгөлөөс Архангай, Тэрхийн Цагаан нуур орох замдаа бид далайн түвшинөөс 2090-ээс 2350 м хүртэл өндөр дөрвөн даваагаар давсан. Ихэнх найз нар маань намайг “чи чадахгүй ээ” гэж байсан ч, би үнэхээр өнгөрсөн нэг сарын 3000 гаран км-ийн аялалыг өөрийнхөө машинтай туулсан шүү. Зарим нэг тохиолдолд овоон дээр тааралдсан жолооч ах нар "-цаад жолоочдоо хэлээрэй. Зам нь их эвгүй шүү" гэж байсан. Угтаа бол цаад жолооч нь өөрөөс нь зам асууж байсан хэрэг шүү дээ. Гэхдээ мэдээж бид миний машинаас гадна өөр нэг машинтай энэ хол замыг туулсан л даа. Цагаан нуурын эрэг дагаад бид хэд бас нэг өдөржингөө морь унасан. Энэ удаадаа бол бид шогшуулж явсан шүү. Ганц гэм нь халуун наранд удаан явснаас болж арьс түлэгдээд, унтахад жаахан хүндрэлтэй байсан.


Ер нь бол би арын сайхан хангай нутгийг тийм ч байх болов уу гэж дотроо бодож байлаа. Өндөр уул, ой мод, хад чулуу, нуур, халуун рашаан, гол горхи гээд л байхгүй юм бараг л алга. Цэцэрлэг орох замдаа бид Тайхар чулуугаар дайрч, чулууны өмнө сарлаг унан зургаа татууллаа. Тэндээсээ бид цааш явсаар Уйгарын хаант улсын туурь дээр ирсэн. Холоос бол элсэн уул шиг л харагдах тэр газарт ойртоод очиход бас л их гоёмсог дүр зураг байна лээ. 8-9 дүгээр зууны үеийн хотын балгас. Нутгийн олон бол Хар балгас гэдэг юм байна. Тэндээс Хар хорин хот ойролцоогоор 25 км зайд байх юм билээ. Бид ч нэг дор хоёр том гүрний нийслэл хоттой танилцсандаа их д л олзуурхаж явлаа. Үнэндээ бол Хархоринд Эрдэнэ Зууг байгуулаагүй байсансан бол гадны жуулчдад Их Монгол Улсын нийслэл гээд үзүүлчих юм байхгүй юм байна шүү гэж бодож байлаа. Чингисийн үеийн Хар Хориноос үлдсэн юм гэвэл хотын дөрвөн талд харуул болон байрлах дөрвөн чулуун яст мэлхий. Харин тэнд гадны жуулчдад зориулсан худалдаа наймаа л их хөгжсөн юм байна лээ. Бага хэмжээний зах байх шиг байсан шүү.

Говь гэмээн говь юм билээ...
Энэ зун Дундговь, Өмнөговь аймгуудад бороо хур ороогүй гандуу байна лээ. Нутгийн ихэнх ардуур гэрээ орхиод, малаа даган Төв, Өвөрхангай аймгуудын нутагруу отроор явцгаасан байна. Говийн хүмүүс бусдаасаа илүү зан сайтай байдаг юм шиг надад санагдсан. Ёстой нөгөө юу байна түүгээрэй дайлдаг хүмүүс байна лээ. Жаахан дээхэн үед говийн айл отроор явахдаа гэрээ цоожлодоггүй орхидог байсан гэдэг. Хээр замд төөрсөн, ядарсан цангасан хүмүүс гэрт нь бууж, амраад яваг гээд тэр шүү дээ. Уг заншил өдгөө ч хэвээрэй сурагтай.

Сонихон зэрэглээт говь минь
Солонгын долоон өнгөтэй дээ хөө...
Сонихон зэрэглээт их говийг харин ч нэг халуун нар, элсэн шуурган дундуур туулсан даа. Зарим хэсэгтээ бол зам гэж там болсон юм байна лээ шүү,. Ахиж л ингэж явахгүй юм шүү гэж өөрийн эрхгүй дотроо хэлж байлаа. Гэвч одоо ингээд хотод ширээнийхээ ард сууж байхад дараа зун ахиж явна даа гэж бодогдох юм. Баянзаг, Ёлын ам, Цагаан суврага гээд говь нутгийн үзэсгэлэнт төрхийг харж, бахдан гайхаж явсан... Бас ч гүй тэмээн дээр жингийн цуваа болон аялаж үзсэн шүү. Замын худагнаас ус авангаа, хажууд нь байсан хэдэн тэмээнд ховоогоор ус татаж өгсөн гээд л бичээд байвал их юм бий...

Буцах замдаа бид Дундговь аймгийн Бага газрын чулуу хэмээх байглийн үзэсгэлэнт газар буудалласан. Тэндэхийн ой хамгаалагч ах их л найрсаг сайхан зантай хүн байна лээ. Тэрээр “-Энд 100 гаран янгир бий. Жилдээ Байгаль Орчины Яам болоод аймгийн Засаг даргын зөвшөөрлөөр 2 янгир гадны жуулчдад агнуулдаг” гэж ярьж байна лээ. Жилд нэг, хоёр удаа буун дуу сонсдог болоод ч тэрүү янгирын сүрэг хүний хөлнөөс аль болох хол байдаг юм байна. Бид хэд өглөө эрт ургахын улаан нартай уралдан босоод хэрэндээ л тэр сайхан амьтадыг холоос ч болтугай харчих санаатай их мэрийн, бас мяраасаар уул хадаар явсан боловчиг амжилтанд хүрээгүй. Харин өнөөх амьтадынхаа шөнө хоносон газарт нь бид хүрч чадсан болов уу, энд тэндгүй л туурайны мөр байсантай таарсан шүү. Өндөр өндөр уулын цаана аргал ч байдаг гэсэн. Гэвч учир мэдэх хүмүүс аргал гэдэг амьтан тийм ч амар хүнд харагдахгүй гэж ярьж байна лээ. Бага газрын чулуу хэмээх энэ газар надад хамгийн ихээр таалагдсан. Зүлгэн дээгүүр нь гишгэхдээ хүртэл харамлаж, хайрламаар, яах аргагүй л сайхан нутаг орон байна лээ.

Харин тийм сайхан сайхан газруудаар амарч яваа хүмүүс хогоо хаячихаад явдаг нь л дэндүү бухимдмаар санагдсан. Хол замд яваа Монгол хүн овооны хажуугаар өнгөрөхдөө бууж, овоонд чулуу өргөн нутаг орныг нь хүндэтгээд явдаг уламжлалтай. Бас замын хүмүүс овооны дэргэд архи задлаж алтан шар замаа мялаадаг бололтой. За яахав энэ бол хүний өөрийн эрх, бас ёс заншил ч юмуу... байж гэж бодоход, уусан архины шилээ овоон дээрээ орхиод явсан байх юм. Өргөл өргөж байгаа нь тэр юм болов уу,. Нэг, хоёр гэж нэмэгдсээр нэг л харахад овоо гэж бөөн архины шил, хог болсон газар байх юм. Бас Монголчууд маань сүүлийн үед хэт шүтлэгтэй болж энд тэндхийн газар оронг шүтэн, ургаа модыг тахин хадгаар ороодог моод гэмээр юмыг дэлгэрүүлээд байгаа бололтой. Хүн сүсэг бишрэлтэй байлгүй л яахав. Гэтэл жишээ нь, Архангай аймгийн Чулуутын гүүрний цаахан талд байх “Зүүн Салаа Мод”-ны үндсийг нь хүртэл олон зуун хадгаар ороосон харагдсан. Түүнээс нь болоод уг мод дээрээсээ үхэж байгаа юм байна. Он цагийн уртад өнөөх олон хадагнууд нь өнгөө алдаж, тоос шороонд дарагдан бас нэг л сонин төрхтэй болжээ. Энэ бүхнийг хараад байхад Монголчууд бид харанхуй үерүүгээ эргээд орж байгаа юм болов уу гэж бодогддог юм байна. Уг нь хэсэг хугацаа болгоны дараа их, бага хэмжээний цэвэрлэгээ хийгээд, тэр олон хадагнуудаас муудсныг нь аваад янзлаад байвал зүгээр юм шиг надад санагдсан. Ёс жаягийнх нь дагуу ч гэдэг юм уу, шатаачихаж болно шүү дээ. Угаасаа л галын дөл өөдөө гэдэг биз дээ. Гэтэл бас лус савдаг нь хилэгнэнэ гээд... хадаг аваад зогсож байдаг хүн олдохгүй байх л даа...

Сарын аялалынхаа дараа хотод хэсэг байж байгаад би ахиад л төрсөн нутгийн зүг жолоо заллаа. Хотын их дуу чимээ, машин, хөл хөдөлгөөн, тоос стрессээс хол болохоор Дархан хот аажуу, тайван сайхан юмаа. Дарханаас цааш Сэлэнгэ аймгийн нутаг л даа Ерөө, Бугантруу явлаа. Тэр чигтэй л ой мод. Бугантад аль дээр үеийн л Монголдоо алдартай мод бэлтгэх анги байсан доо. Одоо ч хэвээрэй юм байна. Хүний хөлөөс их хол, бөглүү ойруугаа бол унасан мод энэ тэндгүй юм байна. Ер нь бол ойгоо нэг сайн цэвэрлэмээр болсон юм байна лээ шүү. За тэгээд хавар болгон ойн түймэр болдог болохоор зарим нэг талдаа сэтгэл өвдмөөр сэрийсэн мод, хожуулууд л харагдах нь харамсмаар юм... Хангайн хувьд бол үнэндээ л баян юм билээ. Хэнтий нурууны л зах нь шүү дээ. Сэлэнгэ аймаг ч угаасаа манай газар тарайлангийн гол цөм нь. Тиймдээ ч машинтай зэрэгцэн ургасан өндөр өндөр тариан түрүүнүүдийн голоор явж байлаа. Нутгийн хүмүүс бол хангай гэнэ, бидний хувьд бол чоно л харин их элбэгтэй сурагтай. Тийм дээ ч ер бог малтай айл их цөөхөн юм байна лээ. Тэгээд ч тарайлан, мал хоёр хоорондоо харш болохоор аль нэг нь л байхаас өөр аргагүй юм байна л даа. Энэ олон сайхан юмны хажуугаар байх саар юм гэвэл... Ерөө голыг дагаад алтны уурхай маш их юм. Түүнийг дагасан нинжа нар битүү. Тэр их сайхан ойн доор өнөө жаахан алт нь байдаг гэнэ. Хүн гэдэг шуналтай амьтан мэдээж тэр болгоныг авч, шавхаж байж л санаа амрах байх. Тэр үед энэ сайхан ой үлдсэн байх эсэх нь бас л их том асуулт болох юм байна. Яахав нөхөн сэргээлт хийгдэж л байна. Гэхдээ ер нь бол хөрсөөр нь ухаж сэндийлсэн газраа булаад байхад л болоод явчихдаг юм биш үү. Хажууд нь тэр их ой байгаа болохоор ямар ч гэсэн намар болохоор байгаль өөрөө үрээ цацаад, тэр нь хөөрхөн ургасаар хуучин уурхайнуудын шороон дээр сэрийсэн хэдэн мод бол бий бодоод л байх бололтой юм байна лээ. За тэгээд тэр хавийн хүмүүсийн яриаг сонсоод байхад ер нь тэндэхийн том уурхайнууд нь хятадуудынх болсон сурагтайдаг шүү.

Хол замд машин барьж их явахын хамгийн хэцүү нь: дараа нь хүзүү гоёотоод байх юм. Эсвэл би өөрөө хөгшөрөөд тэгээд байгаа ч юмуу:),. Түүнээс биш аялах сайхан... Хүний гараар бүтээгдсэн, бүтээгдээгүй тэр олон гайхамшгуудыг харж явахад олон жилийн өмнө цээжлэж байсан шүлгээс авхуулаад, үлгэр домог хүртэл толгойд сэргэн орж ирдэг юм байна. Хүн гэдэг чинь өөрөө маш жижиг юмнаас сэтгэл ханамж авдаг болохоор хээр гадаа тэгээд салхинд алхангаа хүүхэд насаа дурсаад, юм бодсон шигээ явж байх бас л гоё юм билээ.
Нарлаг сайхан өдөр, нов ногоон хөндий, мяралзан урсах жижиг гол, горхи хажууханд нь идээшлэх адуун сүрэг, түүн дотрох бяцхан унаганууд... Ой ухаанд минь үлдсэн энэ л дүр зураг хаана ч явсан сэтгэл зүрхэнд минь байнга явдаг Эх нутгийн минь нэгээхэн хэсэг...

Одоо би бодож л байна. Миний дараагийн маршрут Баян-өлгий аймаг, Казак түмний аж амьдралтай танилцах. Бас энэ жил Халхын голын 70 жилийн ой болж байгаатай холбоотойгоор түүх сөхөн харж байхад хүн заавал Дорнод аймаг, Халх гол сумруу явах хэрэгтэй юм байна. Одоо ч бас улс орон маань хөгжөөд зам нь овоо л болоод байгаа юм байна лээ. Хоошдоо улам ч сайхан болно. Тэгэхээр байгалийн сайханд яваад л байхаас өөр арга алга:)... Хамгийн гол нь аялагчид маань хогоо л замын хажуугаар битгий хаяж байгаасай...