Sunday, May 25, 2008

Одоог хүртэл чи ганцаараа байгаагийн шалтгаан юу вэ?


Cosmopolitan сэтгүүлээс орчуулав.


Чамд сайн ажил, сайхан царай зүс, бие хаа бүгд байгаа. Дээр нь чи хүмүүстэй маш аятайхан харицаж, дэгжин хувцас өсдөг. Гэтэл яагаад чи одоог хүртэл найз залуугүй ганцаараа яваад байна вэ?
Үүнд ямар нэгэн шалтгаан байж л таараа.



Чи яахаас ч буцахгүй болжээ
“Би ганцаардаж байна. Надад залуу хэрэгтэй. Ямар ч хамаагүй залуу!” гэсэн бичиг чиний духан дээр бичээстэй байна. Залуучууд үүнийг чинь мэдэж байдаг. Тиймээс тэд чамаас зугтдаг. Тэгвэл чи яавал зохих вэ? Хамгийн түрүүнд залуусруу “өлөн нүдээр”ширтэхээ боль. Өдсөн харц түүнрүү чулуудаж болох ч, хэтрүүлж болохгүй. Харц чинь түүн дээр хэдхэн секунд л тогтог. Бас хэтэрхий хүний үгээр байхаа боль. Ямар ч эр өөрийн гэсэн үзэл бодолгүй бүсгүйтэй уулзахыг хүсэхгүй. Тиймээс бодож байгаагаа чөлөөтэй илэрхийл, түүнтэй хөгжилд, сайхан инээ. Эрчүүд үүнд дуртай байдаг юм.

Чи үргэлж тусламж хүсдэг үү
Тийм ээ. Эрчүүд эрэлхэг баатар, асран хамгаалагч болох дуртай. Гэхдээ зогсолтгүй түүнээс тусламж хүсээд байвал тэр чамаас залхаж, ийм хүнтэй удаан хамт байж чадахгүй гэдгээ ойлгох болно. Мэдээж “Хөхөвчний маань мөр уначихлаа. Чи янзлаад өгөөч?” гээд нүдээ тормолзуулж бололгүй яахав. Харин “Цэвэр ус захисан чинь, зөөгч надад хийжүүлсэн ус аваад ирж. Чи солиод өгөөч” гэвэл арай л болохгүй болов уу. Эр хүн өөрийгөө хэрэгтэй гэдгээ мэдэрч, хүндлэл хүлээх ёстой болохоос, чиний зарц шиг байж болохгүй гэдгийг сана.

Чиний ой гутаад байна уу
Мэдээж чи сонголт хийх эрхтэй. Гэхдээ залуугийн гутал бохир байснаас болоод чи түүнтэй ахиж уулзахаас татгалзаж байгаа бол, бүх насаараа гэртээ муурнуудтай амьдрах л зам чамд үлдэнэ гэсэн үг. Хэрвээ залуу үнэхээр ариун цэврийн хувьд чамайг үргээгээд байгаа бол, OK. Чи түүнтэй ахиж уулзахгүй байж болно. Харин түүний хоцрогдсон загвартай өмдөөс нь болоод чи түүнтэй дотно танилцахаас татгалзах гэж байгаа бол хүлээгээрэй. Чи түүнд хэзээд ч шинэ загварын өмд аваад өгч болно шүү дээ.

Сонголтоо буруу хийгээд байна.
Хэрвээ чамтай явж байсан бүх залуучууд адилхан зан ааштай, өөр хоорондоо төстэй бол чи энэ зуршилаасаа салах цаг болжээ. Болздог хүрээгээ тэл. Шинэ хүмүүстэй танилц. Баасан гарагт ямар нэгэн юм уухаар гарахдаа өөр баранд ор. Чиний таних нэг ч хүн очихгүй ч, танилынхаа зохиож буй урилгыг хүлээн ав.

Эрчүүдтэй эн тэнцүү мэт аашлахаа боль
Эрчүүд яг үнэндээ бүсгүй хүнтэй л уулзаж, танилцахыг хүсдэг. Түүнээс биш тэдэнтэй гар барилдаанаар барилдан хүчээ үзэж, хамтдаа согттолоо шар айраг уудаг хүүхнүүд тэдэнд хэрэггүй. Түүнтэй яг л 2 эр хүн шиг хамаагүй харицаж болох ч, эцэст нь чи ганц бие эмэгтэй хэвээрэй үлдэх болно. Тэр хэдийгээр чамайг найзаа гэж хэлэх боловч, мөн энэ нь чамд хэдий таатай ч, та хоёрын харилцаа цаашдаа энэ хэвээрэй л үлдэх болно. Тэр чамайг эмэгтэй хүн гэдэг үүднээс чинь хэзээ ч харахгүй. Бидний зөвөлгөө: Түүнтэй сээтгэнэ. Харин битгий түүний нурууруу нь алгад.

Thursday, May 15, 2008

Авлига

Миний биебээр яг жилийн өмнө авлига, түүний илрэлтэй хэрхэн тэмцэх талаар илтгэл тавьж байсан юм байна. Тэрхүү илтгэлийн хэсгээс сийрүүлбэл.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) авлигатай тэмцэх асуудлыг ядуурлыг бууруулах, хүний эрхийг хамгаалахын төлөө ардчилсан засаглалыг бэхжүүлэх ажлынхаа нэн чухал хэсэг гэж тодорхойлсон байна.

1997 оноос НҮБХХ хариуцлага, ил тод байдал шудрага ёсыг бэхжүүлэх хөтөлбөрүүдэд оролцож эхлэсэн ба 2005 оны 12-р сараас НҮБ-ын Авлигын эсрэг конвенци хүчин төгөлдөр болсон.

Монгол Улсын нь 2006 онд уг конвенцид нэгдэн орсон бөгөөд 2006 оны 07 сарын 06 ны өдөр Авлигын эсрэг хуулийг Улсын Их Хурлаар батлан, уг хууль 2006 оны 11-р сарын 1 ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

2006 оны 07 сарын 06 ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3.1-р зүйлд зааснаар авлига гэж нэр бүхий байгууллагын албан тушаалтнууд эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ.

Гэх мэт онолын талаасаа авлига, түүнтэй хэрхэн тэмцэх талаар хэдэн арван, түүнээс ч их хуудас материал байх юм. Тэгэхээр арай өөр өнцгөөс нь хараад үзэе л дээ.

Анзаарч харвал манайхан сүүлийн хэдэн жил л авлига гэсэн үгийг амны уншлага болгосон мэт. Энд ч жагсаал цуглаан, тэнд ч авлигачидтай тэмцэх уриа лозин. Тэгэхээр 2000 оноос өмнө манай улсад авилга гээч юм огт байгаагүй юм гэж үү?
1997 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр нэр бүхий нэр дэвшигчрүү хандсан хээл хахууль авсан, өгсөн гэх Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийг тойрсон элдвийн хэл ам, хэрүүл маргааныг телевизийн сувгаар хайр найргүй цацаж байсан байх. Тэр үед чухамдаа авлига гэсэн өнөөх алдартай үгийг ийнхүү хээл хахууль хэмээх хоёр үгээр орлуулж байсан байгаа юм. Түүнээс даруй 10 гаран жилийн өмнө бол "арын хаалга" гэсэн үг нийгмийн дунд түгсэн, бүгд л тэр үгний учир утгыг ойлгож, басхүү тэр "арын хаалга" гэгч юмгүйгээр ажил албаа залгуулахад хүндрэлтэй байсан тухай та бид санаж л байгаа. Тэгэхээр өнөөх гайхалт "соц" нийгмийн үед одоогийн бидний яриад байгаа авлига гэгч байсан л байгаа юм. Зарим эрдэмтдийн нотлож байгаагаар бол. 13-р зуунд буюу Эзэн Чингис хааны үед авлига өгөх, авах явдал бас л байсан байна. Монголын Нууц Товчоонд " Ван хаан Тоорил Тэмүүжинд хандан:
...Булган тахны чинь оронд
Бутарсан улсыг чинь нэгтгэж өгөе..." гэж бичсэн байдаг нь өнөө үед иргэн Бат томоохон яамны сайдын өрөөнд орж, үнэтэй виски барингаа өөрийгөө сайдын дотны найзын хүү болохоо хэлэн, хүсэл зоригоо илэрхийлж байгаа, харин сайд хариу тус үзүүлэхээ амлахтай агаар нэгэн гэж тайлбарласан байгаа юм. Хэрвээ үүнтэй санал нэгдвэл, хэдийгээр түүхэнд тодорхой бичигдсэн баримт байхгүй ч Хүннү, Сүннүгийн үед авилга байсан байх магадлалтай өндөр аж.

Үүнээс дүгнэлт хийхэд авлига хаана эрх мэдэл байна, тэнд байна. Ажилгүйдэл, инфлиацигүй нийгэм байдаггүй шиг, авлигагүй нийгэм гэж байхгүй. Харин авлигын түвшинг тодорхой нэг хэмжээнд барьж байх нь чухал байдаг байна.

Авлига өөрөө нийгэмд асар их хор уршигтай. Үүний тод жишээ бол Монгол Улс тусгаар тогтнолоо алдан Манж Чин Улсын дарлалд 200 жил дарлагдсан явдал юм. Манжын хаан цэргийн хүчээр бус, харин Монголын тухайн үеийн хаад ноёдод хэргэм зэрэг, бэлэг сэлт өгөн, өөр хооронд нь эвдрэлцүүлэх замаар Монголын төрийг ганхуулж,Өвөр Монгол, Төв халх, Баруун Монголыг аажмаар эрхшээлдээ оруулсан тухай түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Ийнхүү авлига авсан хэдхэн хүний балгаар бүхэл бүтэн улс гүрэн нуран унаж, ард олон нь зовлон гачаалыг амсах болсныг түүх гэрчилнэ. Сүүлд 1919 онд тусгаар тогтнолоо эргүүлэн олж авахын төлөө бидний өвөг дээдэс болох Монголын маань олон арван эрэлхэг хөвгүүд өөрийн алтан амиа өргөж байсныг дурдиад байвал их юм бий. Дэлхийн хамгийн урт хэлэлцээ болох 8 сар үргэлжилсэн Орос, Монгол, Хятад гурван орны (Хиагтын) хэлэлцээрийн үеэр Монголын талыг төлөөлж байсан ерөнхий сайд "Улсынхаа тусгаар тогтнолыг алдах нь" хэмээн нулимс унаган зогсож байсан гэдэг. Ийнхүү 1919 оноос эхлэсэн тусгаар тогтнолын төлөөх тэмцэл үргэлжилсээр, 1945 оны 10-р сард Монголчууд Улсынхаа тусгаар тогтнолын төлөө 100% санал өгсний ачаар БНХАУ манай орны тусгаар тогтнолыг арга буюу хүлээн зөвшөөрсөн байгаа юм.

Хэрвээ авлига ийм их хор уршигийг дагуулдаг юм бол яаж түүнтэй тэмцэх ёстой вэ?

Сингапур улсад авлигын түвшин доогуур байгаа нь төрийн албан хаагчдын цалин өндөр байгаатай холбон үздэг байна.

2007 оны хавар NTV телевизээр АНУ-ын ерөнхийлөгч 350000 долларын цалин авдаг бол, МУ-ын ерөнхийлөгч 350000 төгрөг, Улсын Их Хурлын гишүүд 280000 төгрөгний цалин авч байгаа тухай мэдээлэл гарч байсан. Хэдийгээр манай улсыг АНУ-тай харьцуулах боломжгүй ч, төрийн дээд албан тушаалтнуудын энэхүү бага цалин нь авлига авах эх үндэс болж байгааг үгүйсгэх аргагүй юм. Зөвхөн төрийн дээд албан тушаалтнуудын ч биш, нийт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар явуулж буй МУ-ын засгийн газрын бодлого нь авлигатай тэмцэхэд ихээхэн ач холбогдлыг дагуулж байна. Гагцхүү цалин нэмэгдүүлснээр гарч ирж буй инфлиаци гэх мэт сөрөг үзэгдлүүдийг багасгах нь өнөөгийн засгийн газрын тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа юм.

Гэвч харамсалтай нь өндөр цалинтай байлаа гээд авлига авахгүй гэсэн баталгаа бас л байхгүй байгаа юм. Хүн гэдэг байгалиасаа ихээхэн шуналтай амьтан. Тэгэхээр тухайн хүний сэтгэл зүйд нь авлигын хор уршигийн талаар сайн ойлгуулах, авлига авахгүй, бас өгөхгүй байх ухамсрыг суулгах нь чухал байна.

Шашины үзэл ч авлигатай тэмцэхэд их ач тустай юм. Буддын шашинд "Шунал"-ыг тэвчиж байхыг сургасан байдаг. Библийн сургаалд ч ихийг хүсэхгүй байх, бусдад атаархахгүй байх тухай сургаал үгс олон бий.

Эцэс нь тэмдэглэхэд "Аз жаргалтай хүн гэж, байгаа юмандаа сэтгэл хангалуун хүнийг л хэлнэ". Хүн бүр өөрт байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, ажилдаа чин сэтгэлээсээ хандан, өөрөө өөрийнхөө эзэн нь байж чадваас, энэ нь эргээд авлига авахгүй байхын эх үндэс болох болов уу.

Friday, May 9, 2008

Асуудал их байна

Асуудал их байна:(...
Уг нь би optimist хүн л дээ,. Гэвч харамсалтай нь одоо өглөө гэрээс гараад л бухимдаж эхлэх юм.

Манайх саяхан ашиглалтанд орсон хотын төвийн нэгэн орон сууцанд амьдардаг айл. Байшин маань гаднаасаа их л дажгүй харагддаг ч, дотроо бол тийм ч сайхан биш. Орцоор дүүрэн хог, харин ханан дээр нь элдвийн юм эрээчсэн байх,. Мэдээж СӨХ.тэй,. Гэвч тэр СӨХ гуай юм хийдэг эсэх талаар би л лав юм мэдэхгүй. Осолдохгүй л сар бүр баахан мөнгө нэхээд байх шиг байдаг юм. За энэ ч яахав. Энэ талаар бичээд байвал их юм бий., Би гайхаад байдаг юм. Яагаад бусдын хийж бүтээснийг сүйтгэж байж санаа нь амардаг сэтгэлгээ бидэнд болоод биднээс залуу үеийнхэнд суусан байдаг байна. Манайхан 90-н онд соц нийгмээс ардчилсан нийгэмрүү эргэлт буцалтгүй шилжсэн сайхан, гэгээн түүхтэй улс. Энэ хооронд шилжилтийн үе гээч урт удаан үргэлжилсэн замыг бид туулж ирсэн. (Одоо ч тэр шилжилтийн үе дуусаагүй байгаа гэж зарим хүмүүс маргаад байгаа). Энэхүү шилжилтийн үе бидэнд сайн муу олон л юмыг авчирсан байх юм. Муугийн нэг жишээ бол орцонд болзох залуус, охид хөвгүүд орцны ханыг тэдний хайр сэтгэлээ илэрхийлэх самбар ч юм уу, талбар ч юм уу нэг тийм юм, орц өөрөө хогийн цэг гээч юм нь гээд ойлгочихсон байгаа явдал яах аргагүй мөн. Би өөрөө залуу хүн. Саяхан л бас тэдний нэгэн адил орцонд болзож явлаа.(бас тийм ч саяхан биш юм байна шүү:),. Гэхдээ л ханан дээр юм сараачаад, бас хог хаяад байснаа санаддаггүй юм. За яахав. Би өөрийнхөө тухай бичихгээгүй болохоор,. Эдгээр өсвөр насны охид хөвгүүдэд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид нь хэлж ойлгуулж баймаар байгаа юм л даа. Хогоо хогийн саванд нь хаяж бай гэж...

Хогийн сав гэснээс,. Манай хотод чинь хогийн сав гээч юм байхгүй ш дээ. Уг нь зайлуул хот, дүүргийн Тохжилт үйлчилгээний газраас хогийн савыг нь бий болгоод энд тэнд байрлуулдаг юм байна лээ. Харамсалтай нь тэдгээр хогийн савнууд нь төд удалгүй ашиг хонжоо хайсан, ухаан муу нэгнийх нь олз болж байгаа юм хөөрхий. Гэхдээ дандаа хар бараан юм байна гэж юу байх вэ. Хүмүүс бүтээж байна. Дархан хотод л гэхэд нэг хэсэг хүмүүс нийлээд бидний хаясан хог, хаягдлуудыг ашиглан, дахин боловсруулж хогийн сав зэргийг үйлдвэрлэдэг компани байгуулсан байна лээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээрэй Дарханыхаа Хүүхэд Залуучуудын Паркыг тохижуулахад хувь нэмэр оруулсан байсан. Ер нь та Дархан-Уул аймгийн Дархан суманд очихоороо хүүхдийн паркаар нь нэг зугаалаад үзээрэй. Яг л бидний өнөө муучлаад байдаг социализмын үед очсон юм шиг л сэтгэгдэл танд төрнө шүү. Орчин тойрон нь цэв цэвэрхэн. Тэнд та цоглог хэмнэлтэй аялгууг, хүүхдийн инээдтэй хамт сонсоно. Хөгшид гимнастик хийж, харин залуус хос хосоороо зугаалж байхыг харна. Гайхалтай... Саяхны нэг өдөр уг компани Улаанбаатар хотод түнш хайж байгаа тухай зар телевизээр гүйсэн шүү. Тэгэхээр удахгүй бид хотдоо хогийн савтай болж магадгүй л юм.

Ер нь манайхан их л Эх оронч үзэл энэ тэр гэж цээжээ дэлдэн ярих дуртай улс. Гэхдээ би хэлмээр байдаг юм. Юм гэдэг чинь жижгээсээ л эхлэдэг жамтай. Ядаж бид эх оронч хүн юм бол гудамжинд хог хаяхаа болье л доо. Зөвхөн гудамжинд ч биш, нийтийн эзэмшлийн газруудад татсан тамхиныхаа ишийг хаяхаа больмоор байгаа юм. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьдаг зарим найз нар маань дээр миний бичээд байгаагийн яг эсрэгээр жижиг гэлтгүй хогоо огтхон ч санаа зовсон шинжгүй хаяж байх юм. Нөгөө арай л соёлжсон, юм үзэж нүд тайлсан хүмүүс маань ийм байхад, бусад нь арга ч үгүй юмдаг аа.

Ийнхүү дотроо бухимдсаар машинаа асаан, ажлаа хөөцөлдөхөөр явна даа. ( Энэ зуураа өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа шатахууны үнийн талаар бодохгүйг хичээнэ шүү. Угаасаа дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байгааг ухамсарлаж байгаа хойно. Тэгэхээр нэгэнт машин унах хоббитой юм чинь бензинээ авч чаддаг л байхаас өөр арга замгүй болж байгаа юм. Уг нь манайхан өөрсдөө нефтээ боловсруулдаг болчихвол ч,..) Тэгж байтал хажуугаар том оврын автобус, микробус болоод excel-үүд ёстой нэг сайхан дайрч орж ирнэ дээ. Бухимддаг л юм. Ер нь бүгд л бухимддаг байх. Манайхан нийтийн тээвэрт явж байгаа жолооч нарт өндөр шаардлага тавидаг баймаар байгаа юм. Тэднийг ажлуулж байгаа компаниудын удирдлагуудтай хатуу хариуцлага тооцдог байх хэрэгтэй л дээ. Өнгөрсөн өвөл нийтийн тээвэрт явж байсан хоёр том оврын автобус мөргөлдөж бөөн юм болж байсан. Эцсийн эцэст дотор нь явж байсан зорчигч нар л хохироод үлдэж байгаа юм. Тодорхой хэмжээний хариуцлага тооцсон байх л даа. Гэхдээ л энэ талаар бодлогын чанартай том өөрчлөлт хийхгүй бол болохоо больжээ. Манай хотын нийтийн тээвэр нь гайгүй байсан бол ядаж л ийм олон сайн муу, сайхан муухай машинууд замаар түгжрээд байх нь гайгүй байх байсан болов уу гэж бодох юм. Манай өнөөгийн нийтийн тээврийн тухайд бол "Хэрэглэч бол Хаан" гэсэн урайг мартах хэрэгтэй. Манайхан ч хүлцэнгүй нь дэндсэн улс шүү. Баруунд автобусны жолооч үл ялиг ширүүн л яваа бол хэн нэгэн хөгшин хүн "-Уучлаарай,ноёнтоон. Та хүн тээвэрлэж яваа шүү" -гэж хэлэхэд л өнөө жолооч нам. Манай өвөө эмээ нар тэгж хэлсэн бол дуусaa,.. Ууртай жолооч аягүй бол унаанаасаа чирээд буулгана шүү. Нийтийн тээвэр нэг иймэрхүү байдаг юм байжээ. Уг нь хөрөнгө мөнгөгүйгээсээ болоод гэсэн шалтаг байх ёсгүй л дээ. Энэ талаар ямар нэгэн юм хийх цаг болсон байх шүү. Тийм биз дээ. Ард түмээн,.:)

Өө тийм. Замын түгжрээ гээч юм бий. Нэг сагсуу, тэвчээргүй нөхөр нь улаан гэрэл дайрч орж ирснээс болоод бөөн юм болж байгаа юм даа. Анхандаа замын түгжрээн дунд ороод, хаашаа ч гарах аргагүй болох үед, сайхан, машинаасаа буугаад алхчихмаар санагддаг байж билээ. Харин одоо бол өөрөө. Янз бүрийн юм болсоор байгаад,. гарчихдаг болсон. Гайгүй сайн жолооч болж байгаа юм байлгүй дээ. Замтай холбоотой бас нэг юм байна аа. Манайхны зарим жолооч нар замын цагаан зураас гэсэн юмыг сайн ойлгодоггүй юм шиг байгаа юм. Уг нь бол эсрэг урсгал, эгнээ гэсэн юмнуудыг л зааглаж өгөөд байдаг юм шиг байгаа юм нөгөөх нь. Гэтэл байхгүй шүү. Тэрийг нь анзаарч байгаа жолооч алга. Би ч мөн адил. Ёстой хуруу орох зайгүй болтол нь 2 талаас чихнэ дээ,. Хоёр машин явах замаар дөрвөн машин явах бол энүүхэнд. Жолооны күрс гээч газрууд хэрхэн жолооч бэлдэж, тэндээ юуг заадаг юм болдоо. Гэхдээ манайхан дүрмээ мэдэхгүй ч, чадварлаг жолооч нар юм шиг байгаа юм. Тэр аймаар ямар ч зай завсаргүй болсон замаар чинь сүлжээд, сүлжээд л гарах нь тэр. Бас энд машин замаар бэлчих хүмүүсийг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Тэр дундаа шөнө оройхон замын бүүдгэр гэрэлтүүлгэнд, өөдөөс хүчтэй тусах машины хурц гэрлэнд явж байхад гэнэт замын голд хүн гараад ирэхээр цочих шиг болдогоо нуугаад яах вэ. Бас хэрвээ би анхааралгүй явсан бол яана гэж бодоход хамаг бие арзайх шиг болдог юм. За энэ ч яахав. Муу юм холуур байг.

Манай хотод чинь өдрөөс өдөр ирэх тусам машин тэрэг нэмэгдсээр, хотын төвд бол өдөр тийшээ машины зогсоол олдохгүй болдгийг та бид юу эс андах билээ. Яаж ийж байгаад машинаа тавьж байгаа юм л даа яахав. Уг нь би зам хөндлөн гарахаас үхтэлээ айдаг хүн. Мэдээж гарцаар гарна. Гарах гарахдаа аминдаа хайртай юм болохоороо гэрлэн дохиотой газраар л гарах гэж хичээнэ шүү дээ. Тэр нь арай л баталгаатай юмдаа. Ногоон гэрлийг нь хүлээж хүлээж гарах болно. Гарахаасаа өмнө бас хоёр тийшээ сайн харж гарахгүй бол болохгүй ээ. Хаанаас ч хамаагүй хурдан машин ороод ирнэ. Түүнээс гадна гэрлэн дохион дээр жолооч яг явган хүний гарцан дээр машинаа зогсоодог хуультай. Тийм болохоор тэр олон машинуудын дундуур сүлжиж гарна даа. Гарах болгондоо,. "Манайхан нээрэй хүлцэнгүй улс юмуу даа"- гэсэн юм бодно. Гай дайрч хэн нэгэн жолооч нь анхаарал алдан, тормосноосоо хөлөө авбал яана,.. Би өөрөө жолооч хүн, бас хааяа зам хөндлөн гардаг явган зорчигчынхоо хувьд машин бариад явж байх үедээ гарцаар гарч байгаа хүмүүсд зам тавьж өгөхийг хичээдэг юм.
Энэ мэт аар саар юмнуудад бухимдаж байтал өвлийн цагт гарч ирдэг Улаанбаатарын утаа гээч юм бий. Бидний эрүүл мэнд ч өнгөрсөн байх оо, хөөрхий. 5 жилийн дараа гэхэд нийслэлчүүдийн маань ихэнх нь уушигны хорт хавдраар өвчилнө гээд байгаа. Уушигны эмч л тэр үед үнэд орох нь дээ. Гэхдээ одоохондоо хавар болоод, урин цаг ирж, хотынхон бид утаанаасаа түр зуурч гэсэн салаад сайхан байна. Утааны талаар утаатай үед нь л бухимдая даа.

Харин улирлын чанартай гарч ирдэг нэг асуудал бол яах аргагүй ойн түймэр. Хүмүүс бид ой модоо учиргүй арчилаад сүйд болдоггүй юмаа гэхэд, галдан шатаахаа болих юмсан. Энд ч Туулын ус бохирдож, загас жараахай үхэж байна, тэнд ч нэг том гол ширгэж байна, ой мод шатаж байна гээд л хүмүүс бидний ухамсаргүй үйлдлийн хор уршгийн талаар өдөр бүр л мэдээллийн сувгуудаар цацах, түүнийг нь үзээд, сонсоод бас л бухимдах сэтгэл төрөх юм. Тэгж байтал хүмүүн төрлөхтөн биднээс огтхон ч хамааралгүйгээр болж буй ган, зудны аюул, аянга, цахилгаан гээд л байгалийн аймшигт үзэгдлүүд ар араасаа гарсаар л байна. (Азаар манай улсад цунами, хар салхи энэ тэр нь болохгүй юм даа),. Хэдийгээр биднээс хамааралгүйгээр болж буй мэт боловч, уг чанартаа та бид эх болсон байгальтайгаа зохисгүй харьцснаас л дээрх гамшигт үр дагварууд гарч байгаа талаар бид яриад л байдаг, яриад л байдаг. (Азоны давхарга цоорч, хойд туйлын мөс хайлж, хөөрхий цагаан баавгай нар устаж байгаа талаар бодоод, шаналаад байвал их юм бий,.)

Хэдийгээр энэ мэт сэтгэл зовоох олон юм байгаач Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг санан, иргэнийхээ үүргийг ухамсартайгаар биелүүлж , хийж бүтээе, бухимдахгүйг хичээе,. анд нараа:),.